
УИХ дахь Үндэсний эвслийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл өгч байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд эмэгтэй гишүүд уулзсан. УИХ-д байгаа 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Гадаад томилолттой, эмнэлгийн чөлөөтэй, уулзалт давхацсан гишүүд ирж чадаагүй. Өчигдрийн уулзалтаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар намайг сонгож, итгэл хүлээлгэлээ.
Үндэсний эвслийн гишүүд маань Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцох, байр сууриа тодорхой илэрхийлэх, ажилдаа хариуцлагатай хандах, ёс зүйтэй байх эдгээр зарчмуудыг дэмжиж буй. Харин хэрэгжүүлэх арга замтай нь санал нийлэхгүй байгаа.
УИХ-ын гишүүд төдийгүй, төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ хэрэгжүүлэхтэй холбоотой хариуцлага, хязгаарлалт, хяналт, хамгаалалт зэрэг асуудлууд дээр бид хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. Үүнийг том зургаар нь харж, хамтран ажиллахыг улс төрийн намууд болон Ерөнхийлөгчид уриалж байна” гэлээ.








