
Өнгөрсөн пүрэв гарагт Венесуэлийн нийслэл Каракас хотод үйлдвэрчний эвлэлүүдийн тэргүүнүүд, тэтгэвэрт гарсан иргэд, төрийн албан хаагчид цалин, тэтгэврийг нэмэхийг шаардан жагсжээ.
Өнгөрсөн лхагва гарагт тус улсын Ерөнхийлөгч Делси Родригез үндэсний телевизээр Венесуэлийн засгийн газар эдийн засгийг сайжруулахаар ажиллаж байгаа тул ард иргэд, хувийн хэвшлийнхнээс тэвчээртэй байхыг хүсжээ.
Венесуэлчүүдийн авдаг цалин наад захын хэрэгцээг хангахад хүрдэггүй бөгөөд 2025 оны судалгаагаар төрийн албан хаагчдын дийлэнх нь сард дунджаар 160 ам.доллар, хувийн хэвшлийн салбарынхан 273 ам.доллароор амьжиргаагаа залгуулдаг аж.
Ерөнхийлөгч Д.Родригес 5-р сарын 1-нд цалин нэмнэ хэмээн амласан ч нэмэгдлийн хэмжээ ямар байхыг тодорхой хэлээгүй аж. Тэрээр цалингийн нэмэгдлийг инфляцын өгсөм өсөлт үүсгэхгүй байхаар тогтооно гэжээ. Тэрээр, “Энэ удаад бид хариуцлагатай хандана. Венесуэл улс иргэдийн цалин болон орлогыг тогтвортой нэмэгдүүлэх томоохон эх үүсвэртэй болсон даруйд бид энэ эрчээрээ цалин хөлсийг нэмэгдүүлэх болно.” хэмээн мэдэгджээ.
Жагсаалд оролцож буй үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Хосе Патинес, “Венесуэлчүүд та нарыг сонгуулиа зарлаад зайлаасай гэж хүсэж байна. 5-р сарын 1-нд засгийн газар хэдхэн долларын нэмэгдэл ярьж гарч ирэх юм бол бидэнд наадах чинь хэрэггүй. Бидэнд худалдан авалт хийх хэмжээний цалин хэрэгтэй байна.” хэмээн ярьжээ.
Пүрэв гарагт Каракас хотын төвд үндэсний цагдаагийн албаны албан хаагчид ерөнхийлөгчийн ордон руу хүрэх замыг хаасан байжээ. Жагсагчид цагдаа нарын хамгаалалтыг давж чадсан ч хууль сахиулагчид нэмэлт хүч дуудсанаар жагсагчдыг ерөнхийлөгчийн ордноос 2 км зайд зогсоож чаджээ.
Венесуэлийн цалингийн доод хэмжээ 130 боливар буюу 0.27 ам.доллар нь 2022 оноос хойш нэмэгдээгүй аж. Энэ нь НҮБ-аас тогтоосон хэт ядуурлын төвшнөөс ч доогуур үзүүлэлт юм. Харин төрийн албан хаагчдын хувьд урамшуулал, төрөл бүрийн тэтгэмж тэтгэлгийн ачаар сардаа 160 ам.доллар хүртэлх цалин авдаг аж.
Мэдээллийн албан ёсны түлш: AP News








