
Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис цахим платформуудаас болж нийгэмд сэтгэл түгшилт, нойргүйдэл, донтолтын асуудлууд нэмэгдэж буйтай холбоотойгоор 2026 оны 1-р сарын 1-нээс тус улсад 15-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно хэмээн мэдэгджээ.
Тэрээр TikTok платформ дээр нийтэлсэн мэдэгдэлдээ, “Бид 15-аас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох шийдвэрт хүрлээ. Энэ бол хүнд хэдий ч шаардлагатай арга хэмжээ юм. Бидний санаа нь та нарыг технологиос холдуулах биш юм. Технологи нь та нарын урам зориг, мэдлэг чадвар, бүтээлч байдлын эх үүсвэр болдгийг бид мэднэ. Гэхдээ шинжлэх ухаанаар хүүхэд дэлгэцийн өмнө хэт олон цагийг өнгөрүүлснээр оюун санаа нь амарч чаддаггүй гэдэг нь нотлогдоод байна.” хэмээн хүүхдүүдэд хандан хэлжээ.
Грекийн 300 суудалтай парламентын олонх нь К.Мицотакисын баруун төвийн Шинэ Ардчилсан нам бөгөөд хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төслийг дэмжих нь гарцаагүй юм.
Грек улс өнгөрсөн онд сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хориглож, эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн дэлгэцийн хэрэглээнд хяналт тавих платформуудыг бий болгосон юм.
Ерөнхий сайд К.Мицотакис хүүхдүүдийн нийгмийн сүлжээ хэрэглээг хязгаарлах шийдвэрийг эцэг эхчүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр гаргасан ба түүний хэлснээр сүүлийн үед цахим дээрэлхэлт, нийгмийн сүлжээний донтолттой холбоотой гомдлуудын тоо олноор нэмэгджээ.
Грекийн сургуулиудын багш нар хүүхдүүд хичээл дээрээ нойрмоглох, унтах явдал нэмэгдэж, ямар ч эрч хүч, идэвх оролцоогүй болж байгаа талаар тогтмол гомдоллох болжээ. Өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан бага ангийн багш Димитрис Панаётопулос, “40 жил багшилсан хүний хувьд шударгаар хэлэхэд дэлгэцийн хэрэглээ хүүхдүүдийг үгүй хийсэн.” хэмээн The Guardian-д ярьжээ.
З.Мицотакис нийгмийн сүлжээ нь бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг болохыг онцолж, Грек улс Европын холбоо 2027 он гэхэд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насыг тодорхойлох стандарттай болох ажлыг тэргүүлэх болно гэжээ.
Грекийн засгийн газрын шийдвэрийн дагуу 2012 оноос хойш төрсөн хүүхдүүд Facebook, Instagram, TikTok болон Snapchat платформуудыг хэрэглэх боломжгүй болох ба Ерөнхий сайд К.Мицотакис зөвхөн нэг улс арга хэмжээ авах нь хангалтгүй хэмээн Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйенд 2026 оны сүүл гэхэд Европын холбоо даяараа хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах нэгдсэн нэг хууль журамтай болохыг уриалсан захидал бичжээ.
Эх сурвалж: theguardian.com








