
Газрын тос болон байгалийн хийн үнэ Ираны дайн дууссан даруйд буухгүй
Европын холбооны Эрчим хүчний комиссар Дэн Йоргенсен тус холбооны эрчим хүчний сайд нартай хийсэн уулзалтынхаа үеэр Ираны дайн маргааш дууслаа ч уг дайнаас болж нэмэгдсэн газрын тос болон байгалийн хийн үнэ тэр дороо буухгүй гэдгийг анхааруулжээ. Түүний хэлснээр Европт газрын тосны үнэ 60 хувиар, байгалийн хийн үнэ 70 орчим хувиар огцом өссөний үр дагаврыг айл өрх, аж ахуйн нэгжүүдэд даван туулахад туслах арга хэмжээнүүдийг Европын холбоо боловсруулж эхлээд байгаа аж.
Ираны дайн эхэлснээс хойш Европын холбооны шатах ашигт малтмалын импортын зардал 14 тэрбум еврогоор нэмэгджээ. Европын холбооноос авах арга хэмжээнд улс орнуудад байгалийн хийн үнэ, цахилгаан эрчим хүчний үнийг салангид тооцох аргууд багтах аж.
Мэргэжилтнүүд Европын холбооны зөвлөлийн дарга Урсула фон дер Ляйены цахилгаан эрчим хүчний татварыг бууруулах санаачилгыг хэрэгжүүлэх талаар судалж байгаа гэжээ.
2022 онд байгалийн хийн үнэ огцом нэмэгдэхэд компаниуд их хэмжээний ашиг орлого хийж байсантай адил нөхцөл байдал дахин давтагдах үгүйг урьдчилж тааж мэдэхгүй байгаа ч тэгсэн тохиолдолд тэдгээр компаниудаас нэг удаагийн гэнэтийн орлогын татвар авч болзошгүй гэдгийг Европын холбооны Эрчим хүчний комиссар Дэн Йоргенсен онцолжээ.
Түүнээс гадна Д.Йоргенсен гишүүн орнуудад Эрчим хүчний агентлагийн гаргасан 10 заалт бүхий төлөвлөгөөг дагахыг зөвлөжээ. Үүнд иргэдэд гэрээсээ ажиллах, нийтийн тээврээр зорчих, car sharing үйлчилгээг өргөнөөр ашиглахыг уриалах, хурдны зам дээрх автомашины хурдыг бууруулах зэрэг зөвлөмжүүд багтаж байгаа аж.
Д.Йоргенсен Европын холбоо ОХУ-ын байгалийн хийнээс хамааралтай байдлаа бууруулах зорилгодоо тууштай зогсож буйг илэрхийлжээ. ОХУ-Украины дайнаас өмнө Европын холбооны байгалийн хийн нийт хэрэглээний 45 хувийг ОХУ-ын байгалийн хий эзэлж байсан бол өнөөдөр энэ тоо 10 хувь болж буураад байгаа юм.
Европын холбоо АНУ, Азербайжан, Алжир, Канад зэрэг орнуудаас импортлох эрчим хүчээ нэмэгдүүлснээр ОХУ-ын хамаарлаас бүрэн гарах боломжтой.
Харин Д.Йоргенсен: “Европын холбоо В.Путинд эрчим хүчийг зэвсгээ болгож, бусдыг сүрдүүлэн заналхийлэх боломж олгосон алдаагаа дахин хэзээ ч давтахгүй байж, ОХУ-д Украин дахь дайныг нь санхүүжүүлэхэд шууд бусаар туслахыг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэжээ.







