
Барилгын цэргийн ангид хоёр хугацаат цэргийн алба хаагчийн хооронд маргаан гарч, нэгнээ мэс төстэй зүйлээр гэмтээсэн хэрэг гарчээ.
Уг үйл явдлын дараа 10 минутын дотор буюу 17:10 цагт шархдсан цэргийг Баянхонгор аймгийн Нэгдсэн төв эмнэлэгт хүргэсэн байна. Тухайн үед харуул манаанд үүрэг гүйцэтгэж байсан эмч, сувилагч, офицерууд шуурхай арга хэмжээ авч, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлжээ.
Эмнэлгээс цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн бөгөөд хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Хэрэгт ашигласан зүйл, хэрхэн гэмтээсэн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаныхан онцоллоо.
Уг хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний Жанжин штабаас ажлын хэсэг гарч, хоёр хоногийн турш газар дээр нь ажиллаж шалгалт хийсэн байна. Урьдчилсан байдлаар тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан жижүүр, манааны бүрэлдэхүүн үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэж дүгнэжээ.
Хэрэг нь хоёр хугацаат цэргийн алба хаагчийн хооронд үүссэн маргаанаас болсон бөгөөд ахлагч, офицерууд оролцоогүй болохыг эх сурвалж мэдээлэв. Хуулийн байгууллагын шалгалтын дүн гарсны дараа холбогдох этгээдүүдэд цэргийн дүрмийн дагуу хариуцлага тооцох юм байна.
Мөн хэрэгт холбогдсон хоёр цэрэг нь Завхан аймгаас гаралтай, дотно найзууд, нэгнээ “бади” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд жижиг шалтгаанаас үүдэн маргалдаж, дүрмийн бус үйлдэл гаргасан гэх мэдээлэл байна.
Одоогоор тухайн алба хаагчид Цэргийн өв эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай эмчилгээ, тусламжийг үзүүлж байгаа аж. Эмч нарын зүгээс гэмтлийг хөнгөн гэж оношилсон байна. Эмчилгээ дууссаны дараа эрүүл мэндийн үзлэгт тэнцвэл чөлөөлөгдөхгүйгээр хугацаат цэргийн албаа үргэлжлүүлэн хаах боломжтой гэж мэдээллээ.
М.Солонго







