
40 насандаа санваартны хэргэм хүртэж байсан сувилагч мэргэжилтэй Сара Маллали Английн сүмийн тэргүүнээр албан ёсоор томилогдож, 1400 гаруй жилийн түүхтэй уг албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй хамба лам болжээ.
63 настай Сара Маллалли Кентерберийн хамба ламаар өнгөрсөн 1-р сард томилогдсон ч өнгөрсөн лхагва гарагт Кентерберийн сүмд болсон ёслолын үеэр С.Маллаллыг Английн сүмийн тэргүүн, Англиканы хамтын нөхөрлөлийн шашны тэргүүнээр ёслол төгөлдөр байдлаар томилжээ.
Уг ёслолын арга хэмжээнд ханхүү Уиллиам, гүнж Кэтрин, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер болон Англиканы хамтын нөхөрлөлийг бүрдүүлдэг 42 сүмийн төлөөлөл, Ромын Католик сүм, Ортодокс сүмийн төлөөллүүд оролцжээ.
С.Маллалли нөхөр, хоёр хүүхэдтэй бөгөөд сувилагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 37 насандаа Их Британийн засгийн газарт Сувилахуйн салбарыг хариуцсан зөвлөхөөр томилогдож, уг албан тушаалд томилогдож байсан хамгийн залуу мэргэжилтэн болжээ.
Их Британийн засгийн газарт Сувилахуйн салбарыг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа С.Маллалли сүмд явж, санваартан болохоор бэлтгэж эхэлжээ. 2015 онд тэрээр Английн сүмийн түүхэн дэх 4 дэх эмэгтэй хамба лам болж, үүнээс 3 жилийн дараа Лондон хотын сүм хийдүүдийн тэргүүнээр томилогдож байжээ.







