
Баяр наадмын тухай хуулиар зөвхөн монгол адуу төрийн их баяр наадамд уралдах хууль 2022 онд батлагдаж, сэрвээний өндрөөр шалгуур тавин уралдуулахаар болж, 2025 онд монгол үүлдрийн адууны сэрвээний өндрийн стандартыг эцэслэн баталсан.
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс 2025 оны арваннэгдүгээр сард морины сэрвээ хэмждэг түр дүрмээ өөрчилж, монгол үүлдрийн адууны стандартын дүрмээ өөрчлөх хүсэлтийг Засгийн Газарын Шадар сайдад хүргүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хариулт өгөөгүй байна. Энэхүү дүрмийн өөрчлөлтийг яаралтай авч үзнэ үү гэх шаардлагыг хүргүүлэн уяачид мэдэгдэл хийлээ.
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхийлөгч Ц.Дуламсүрэн “Өнөөдөр бид бүхэн улсынхаа наадамд монгол морио уралдуулж чадалгүй арван жил болж байна. Монгол төрийнхөө наадамд монгол морь айрагдах нь бүү хэл мордох эрхгүй боллоо. Эгэл жирийн малчин уяачид сумын наадамд морьдоо уралдуулж чадахгүй байна. Энэ бол амьдрал дээр бол байгаа бодит баримт юм. Ийм учраас Засгийн газар Үндсэн хуулиа дээдэлж монгол морьдынхоо эрх ашгийг хүндлээсэй гэж хүсэж байна. Хэдэн мөнгөтэй хүний үгэнд орж Үндсэн хуулиа битгий зөрчөөч. Энэ байдлаараа монгол адуу устаж үгүй болох аюултай байна. Монгол адуу төрийн наадамдаа уралдаж чадахаа больсноос болж хөдөөгийн малчид маань морь уяхаа больж, монгол адуу мах комбинат руу явдаг, эрлийз адуу нь улсын наадамд уралддаг болсон” хэмээлээ.
Б.ИТГЭЛ








