
“УИХ-д сонгогдсон л бол дөрвөн жил юу ч хийсэн болно” гэх сэтгэлгээтэй өнөөгийн улстөрчдийн ёс зүйгүй байдал, авлига албан тушаалын гэмт хэргүүд нь Монгол төрийн дотоод дархлааг “улаан шугам”-д тулгаж байна.
Төрийн түшээдийн нэр холбогдож буй гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүхэн нь ердөө хувь хүний төлөвшил, соёлын хэмжүүрийн тухай ойлголт бол биш. Энэ бол Монгол төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлааг дотроос нь нурааж буй хамгийн хортой “вирус”.
Төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэг, зөрчил, ёс зүйн асуудалд холбогдох нь үндэсний аюулгүй байдалд дараах ноцтой аюулыг учруулна гэж үздэг.
1. Гадны нөлөөлөлд “барьцаалагдах” эрсдэл
Шантааж буюу зохиомол холбогдол: Гэмт хэргийн холбогдолтой эсвэл, ёс зүйн сул талтай “сүүдэртэй гишүүд”-ийг гадны хүчнүүд барьцаалж, улс орны язгуур эрх ашигт үл нийцэх хууль тогтоомж санаачлан батлуулах, харийн нөлөөллийг төрийн бодлогод шургуулах “хорлон саатуулагчид” болгон хувиргадаг.
Төрийн нууц хулгайлагдах:.Барьцаалагдсан гишүүдээр дамжин төрийн нууц мэдээ, баримт сэлт задрах, хулгайлагдах эрсдэл үүснэ.
2. Төрийн институтын “Чадамжгүй” байдал
Шийдвэр гаргах түвшний ялзарал: Төрийн бодлого урт хугацааны хөгжилд биш, явцуу бүлгийн ашиг сонирхолд нийцсэн “хуулийн хулгай” хэлбэрээр батлагддаг.
Хямралыг удирдах чадваргүй болох: Төрийн албаны мерит тогтолцоо нурснаар улс орон гадаад, дотоодын гэнэтийн хямралыг (эдийн засгийн хориг, цар тахал, геополитикийн зөрчил, тагнан турших, нөлөөллийн ажиллагааг) даван туулах дархлаагүй болгоно.
Авлигач гишүүд төр засагт үнэнч бус зөвхөн өөрт нь үйлчлэх этгээдүүдийг чухал албан тушаалд томилсноор төрийн албаны чадавхи суларна.
3. Эдийн засгийн тусгаар тогтнолын доройтол
Өрийн хавх: Авлигын мөнгөнд торлогдож, ёс зүйг үл ойшоосон хууль тогтоогчид улс оронд ашиггүй, өндөр хүүтэй гадаад зээлийг дэмжсэнээр Монгол Улсыг эдийн засаг, санхүүгийн хувьд бусдаас хараат болгох суурийг тавьдаг.
Үндэсний баялаг, стратегийн ордууд гадны мэдэлд үр ашиггүй нөхцөлөөр шилжиж эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэл үүснэ.
Төсвийн хулгай: Улсын хөгжилд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгө мөнгө авлигач улс төрчдийн халаасанд орсноор улс орны хөгжил хорлон саатуулагдаж, ядуурал нэмэгдэн нийгмийн тогтворгүй байдал бий болно.
4. Нийгмийн сэтгэл зүй ба дотоод эв нэгдлийн задрал
Итгэлцлийн хямрал: “Хууль зөвхөн жирийн иргэдэд үйлчилдэг” гэх хандлага хүрээгээ тэлсээр ард түмний төрд итгэх итгэл, үндэсний үзлийн төлөвшил, дархлаанд ноцтой хохирол учруулна. Сонгогчид “Сонгууль өгөөд ч нэмэргүй, УИХ-ын гишүүд бүгд адилхан хулгайчид” гэх бат үзэлтэй болж, улс төрийн оролцоо нь буурах эрсдэлтэй.
Гадны үзэл баримтлалын өгөөш: Нийгэмд үүссэн бухимдал, хагарлыг гадны хүчнүүд ашиглан “өнгөт хувьсгал” хийх эсвэл, дотоод үймээн дэгдээх зэргээр төрийн эрх мэдлийг сулруулах боломж олгоно.
Мэдээллийн аюулгүй байдал: Гэмт хэрэг, ёс зүйн асуудалд холбогдсон этгээдүүд өөрсдийн нэр төрөө хамгаалахын тулд гадны санхүүжилттэй медиа болон сошиал троллуудыг ашигладаг.
Энэ нь Монгол Улсын мэдээллийн орон зайд гадны захиалгат мэдээ, мэдээлэл нэвтрэх суваг болж хувирна.
Өнөөгийн монгол орны улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг батлах нь Үндэсний аюулгүй байдлыг “дотоод засаглалын чадамж” талаас нь бэхжүүлэхэд дараах эерэг нөлөөтэй гэж дүгнэнэ.
Тайлбарлавал:
Гэмт хэрэгт холбогдсон эсвэл, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гишүүд “халдашгүй байдлын хамгаалалтад” орох бус, ард түмний хяналтад орсноор төрийн эрх барих дээд байгууллага бохирдохоос сэргийлнэ.
Гишүүд гадны болон дотоодын бүлгүүдийн хууль бус захиалгыг гүйцэтгэхээс татгалзах “эр зориг”, “болгоомжлол”-той болно.
Хэрэв гишүүд барьцаалагдаж, улс орны язгуур ашиг сонирхлын эсрэг ажиллаж эхэлбэл түүнийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах зэргээр гадны нөлөөллийн сувгийг хаах боломж бүрдэнэ.
Газар нутаг, байгалийн баялаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал шийдвэрүүдийг гадны нөлөөнд өртөхөөс сэргийлэх хяналтын тогтолцоо бий болно.
Иргэд өөрсдийн сонгосон төлөөлөгчдөө шаардлага тавьж, хариуцлага тооцдог болсноор нийгмийн бухимдал буурч, гудамжны тэмцэл, үймээн самуун гарах эрсдэл багасна.
УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийн хэрэгжилт нь иргэдийг улс төрд илүү идэвхтэй, хариуцлагатай оролцуулж, сонгуулиас сонгуулийн хооронд төрийг хянах идэвхтэй соёлыг төлөвшүүлнэ.
УИХ-ын гишүүд эргүүлэн татагдах хуультай болсноор төрийн албан дахь “халаасны” томилгоо, бизнесийн шахаа хумигдаж, улстөрчдийн дэмжлэгтэй бус, мэдлэг чадвартай, мэргэшсэн төрийн алба хаагчдын орон зай тэлж, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдал баталгаажих нөхцөл бий болно.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал бол Монгол төрийг “барьцаанаас чөлөөлөх” стратегийн түүхэн алхам юм.
Төрийн түшээдийн ёс зүй, хариуцлагад гарсан өчүүхэн төдий ан цав, сиймхий бүрээр харийн нөлөөлөл, бүлэглэлийн ашиг сонирхол саадгүй нэвтэрдэг тул энэ зам сувгийг хаах нь үндэсний аюулгүй байдлыг эрсдлээс цаг алдалгүй хамгаалах чухал зорилт юм.
Судлаач Ж.Соёмбо








