
Сүүлийн өдрүүдэд өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн дээрэлхэж, зодож буй бичлэг цахим орчинд тарж, олон нийтийн анхаарлын төвд орсон. Үүнтэй холбоотойгоор сошиал сүлжээнд янз бүрийн мэдээлэл, таамаг гарч, “шүгэл үлээсэн” гэх хүүхдээс цахимаар мэдүүлэг авсан гэх зэрэг мэдээлэл ч түгээд байгаа юм. Түүнчлэн хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ар гэрийн нөлөөний талаар ч олон нийт ярьж байна. Тэгвэл уг хэргийн бодит нөхцөл байдал, шалгалтын явц болон хууль эрх зүйн зохицуулалтын талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаанаас тодрууллаа.
-Цахим сүлжээгээр шүгэл үлээсэн гэх хүү өөрийн хаягтаа “гэр бүл, дүүд маань хүртэл заналхийлэл ирж байна” гэсэн байсан. Мөн олон нийтийн сүлжээнд цагдаагийн байгууллага 24 цагийн турш мэдүүлэг авсан гэх мэдээлэл гарсан. Яг нөхцөл байдал ямар байна вэ, тухайн хүүхдээс цахимаар мэдүүлэг авсан нь үнэн үү?
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд холбогдох шалгалтын ажиллагаа хууль, журмын дагуу явагдаж байна. Сошиал орчинд “цахимаар мэдүүлэг авсан, байцаасан” гэх мэдээлэл гарч байгаа ч энэ нь худал. Цагдаагийн байгууллагад сошиал сүлжээгээр мэдүүлэг авах тухай ямар ч дүрэм, журам байхгүй.
-Мөнгө төлж ордог грүпп чат байсан гэх мэдээлэл байна. Тэндээ гэмт хэргийн шинжтэй зураг, бичлэг хуваалцдаг байсан байж болзошгүй юу?
-Зарим мэдээллийг одоогоор дэлгэрэнгүй өгөх боломжгүй. Гэхдээ хүүхдүүд хоорондоо харилцдаг грүпп чатууд байсан. Өмнө нь дээрэлхэлт ихэвчлэн нэг сургууль, нэг байрны хүрээнд гардаг байсан бол одоо цахим платформоор дамжин бие биеэ дагадаг, таньдаг, холбогддог болсон байна.
-Монгол Улсын хуульд хэдэн наснаас эрүүгийн хариуцлага хүлээдэг вэ. Олон нийтийн дунд “насанд хүрээгүй болохоор хариуцлагаас мултрах вий” гэсэн болгоомжлол байна?
-Монгол Улсын Эрүүгийн хуульд 14 нас хүрсэн хүн эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан байдаг. Олон нийт бичлэгүүдээс тухайн үйлдлийн шинж чанарыг харсан байх. Хүнийг доромжилж, даажигнаж, биед нь халдсан зэрэг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож болно.
Энэ хэрэгт холбогдсон хүүхдүүд 16-17 настай байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээх субьект мөн. Мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллага удирдан явуулж байгаа бөгөөд холбогдох зүйл ангиар шалгана. Жишээлбэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан бол гурван жил хүртэл, хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жилийн хорих ял оногдуулж болно. Харин эрүүл мэндэд хохирол учруулаагүй боловч зөрчлийн шинжтэй бол 30 хүртэл хоног баривчлах шийтгэл ногдуулдаг.
-Энэ хэрэгтэй холбоотойгоор өмнө нь дээрэлхүүлж байсан, гэмтэж байсан гэх хүүхдүүдийн тухай яригдаж байна. Тэдгээрийг шалгах уу, эсвэл өнгөрсөн хэрэг гээд “хаях” юм уу?
-Энэ хэрэгтэй холбоотойгоор эцэг эхчүүд ирж гомдол мэдүүлж байгаа. Тэдгээр гомдлууд бүгд бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явагдаж байна.
-Хэрэгт холбогдсон хүүхдүүдийн эцэг эх өндөр албан тушаалтай, тиймээс “хариуцлагаас мултарч магадгүй” гэсэн яриа байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Шалгагдаж байгаа хүүхдүүдийн ар гэр ямар ажил, албан тушаалтай байх нь огт хамаарахгүй. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан шалгах журам, шийтгэл оногдуулах зарчим байдаг. Түүний дагуу эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай хүн гэм буруутай нь тогтоогдвол хуульд заасан хариуцлагаа хүлээнэ.
-Цахим орчинд хэрэгт холбогдож буй хүүхдүүдийг олон нийт шууд “яллаж”, зураг зэргийг нь нийтэлж байна. Иргэд ямар байр суурьтай байх ёстой вэ?
-Олон нийт энэ хэргийн талаар тодорхой хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Гэхдээ хэрэгт холбогдсон хүүхдүүдийн зураг, хувийн мэдээллийг сошиал сүлжээнд нийтэлж, шууд буруутай мэтээр шүүхгүй байхыг хүсэж байна. Тэдний дунд уг хэрэгт огт оролцоогүй, тухайн үед кино үзэхээр ирээд шатан дээр хүлээж байсан хүүхэд ч байна, голлон үйлдэл хийсэн хүүхэд ч бий. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл иргэд хүлээцтэй хандах хэрэгтэй.
-Цагдаагийн байгууллага “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аяныг хэрэгжүүлсэн. Энэ аян ямар үр дүн өгсөн бэ, ер нь үр дүнтэй байсан уу?
-Тус аян нийтдээ 30 орчим сая хүнд мэдээлэл хүрсэн. Хүчирхийллийг үл тэвчих нийгмийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн ажил болсон. Цаашид ч үргэлжлүүлэхээр зохион байгуулалт хийж байна. Мөн Боловсролын яам болон хүүхдийн байгууллагуудтай хамтран дээрэлхэлтийг хэрхэн таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хүүхдийн төлөвшил, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаар бодлогын түвшинд ажиллаж байна.
М.Солонго






