
ХЭҮК: Хүүхэд хамгааллын хууль шинэчлэгдсэн ч хэрэгжилт хангалтгүй байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлыг Хүний эрхийн Үндэсний Комисс тогтмол хөндөж, зөвлөмж өгдөг ч бодит үр дүн хангалтгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчлэн найруулж, салбар бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх, мөн хүүхэд хамгааллын үйлчилгээг илүү тодорхой зохицуулсан ч хэрэгжилт хангалтгүй хэвээр байгаа” гэсэн дүгнэлтийг Хүний эрхийн Үндэсний Комисс гаргасан гэв.
Мөн боловсролын байгууллага болон сүм хийдийн орчны аюулгүй байдлын үнэлгээ хийх журам одоог хүртэл батлагдаагүй байгаа гэв. Хүүхэд хамгааллын баг нь эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, аюулын зэргийн үнэлгээ гаргах зэрэгт тодорхой үр дүн гаргах ёстой ч одоогийн байдлаар механизм нь хангалттай үр дүнтэй ажиллахгүй байна. Тухайлбал 2021 онд хүүхэд хамгааллын баг, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний талаар хийсэн судалгаагаар мэргэшсэн боловсон хүчин дутмаг, санхүүжилт хангалтгүй байгаа нь үр дүн муу байхад нөлөөлж байна гэж дүгнэсэн байна.
Сүүлийн үед гарсан зарим үйл явдал үе тэнгийн дээрэлхэлтээс хальж, гэмт хэргийн шинжтэй болсон талаар дурдаж, уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, дүгнэлт гаргана гэв.
Мөн олон нийт насанд хүрээгүй учраас хариуцлагаас “мултарна” гэж ойлгох нь буруу.
Монгол Улсад 14 нас хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэнд тооцогддог.
Гэсэн хэдий ч хариуцлага тооцох нэрийн дор тухайн хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд “цаазлаж”, доромжлох нь буруу бөгөөд насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээдэг гэдгийг ухамсарлах шаардлагатай гэв. Мөн томчууд хараалын үгийг хэвийн мэт хэрэглэж, буруу үлгэрлэл үзүүлж байгааг шүүмжилсэн юм. Хүүхдүүд насанд хүрэгчдийн үг, үйлдлийг шууд тусган авч дуурайдаг тул томчууд өөрсдийн хандлага, хэл яриандаа анхаарах хэрэгтэйг санууллаа.
Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа 2023 онд хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 48 мэдээлэл ирж байсан бол 2024 онд 62, 2025 онд 72 болж өссөн байна. Энэ нь нэг талаар хүүхдүүд өөрсдийн эрхийн төлөө дуугарч, гомдол гаргах чадвартай болж байгааг илтгэж байгаа ч нөгөө талаар хүүхдийн эрхийн зөрчил байсаар байгааг харуулж байна гэж Ж.Хунан хэллээ.
М.Солонго
Видео мэдээллийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






