
Д.Трампын засаг захиргаанаас Иран дахь сургуулийн байрыг бөмбөгдөж, 165 гаруй хүний аминд хүрсэн явдалд тайлбар өгөхийг хүсжээ
Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Конгрессын хэдэн арван сенаторууд Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас Ираны Хормозган мужийн Минаб хотод байрлах бага сургууль бөмбөгдөлтөд өртөж, 165 гаруй хүн тэр дундаа олон тооны хүүхдүүд амь үрэгдсэн явдалд Вашингтон буруутайг илтгэх баримтууд нэмэгдсээр байгаад хариу өгөхийг шаарджээ.
Ардчилсан намын харьяалалтай 45 гаруй сенаторууд Д.Трампын засаг захиргаанд хандан бичсэн захидалдаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетээс Ираны бага сургууль цохилтод өртсөн явдалд Вашингтон хариуцлага хүлээх эсэх, АНУ цохилт үзүүлэхээсээ өмнө цохилт үзүүлэх гэж буй байршил, объектуудаа урьдчилж судалдаг эсэхэд хариу өгөхийг шаарджээ.
Түүнчлэн сенаторууд Конгрессын шийдвэрээр тусгайлан байгуулагдсан цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэдийн дундах нас баралтыг бууруулах зорилготой албаны үйл ажиллагааг Пентагон сулруулж, үл тоомсорлож байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн сарын сүүлээр АНУ, Израилын Иранд үзүүлсэн агаарын цохилтуудын үр дүнд Ираны бага сургууль цохилтод өртөж, олон арван хүүхэд амь үрэгдсэн явдалд Вашингтон буруутай нь тогтоогдвол энэ нь сүүлийн 20 жилд АНУ-ын цэргийн ажиллагааны үр дүнд хамгийн олон энгийн иргэн амь үрэгдсэн явдал болох аж.






