
Дубай хотоос Монголын иргэдийг татан авах нислэгт 193 мянган ам.долларын зардал гарчээ
Ойрхи Дорнодын бүс нутгаас Монгол Улсын 91 иргэнийг тусгай үүргийн нислэгээр авч ирсэн үйл явдлыг бид сурвалжлан хүргэсэн билээ. Тэгвэл Ойрхи Дорнодын бүс нутгаас монгол иргэдээ татан авсан уг нислэгийн талаар “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн өнөөдөр /2026.03.11/ мэдээлэл өгсөн байна.
Дайн байлдаантай бүс нутгаас Монгол Улсын иргэдийг эх оронд нь татан авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан байна. Тус хуралдаанаар Гадаад харилцааны яам болон Зам, тээврийн яаманд уг ажиллагааг зохион байгуулах үүргийг өгчээ. Эхний мэдээллээр тухайн бүс нутагт 120 орчим Монгол иргэн байгаа гэж тооцоолж байсан ч өнөөдөр үйлдсэн нислэгээр 91 иргэн Монгол Улсад ирсэн байна. Үлдсэн иргэдийн зарим нь өөр агаарын тээврийн компаниудаар дамжин эх орондоо ирсэн байх боломжтой гэж албаныхан мэдээлжээ.
Нислэгийг дайн байлдаантай бүс нутаг руу үйлдсэн тул аюулгүй байдлын эрсдэл өндөр байсан бөгөөд тухайн бүс нутагт агаарын хөлөг байх хугацааг 3 цагаар хязгаарласан байна. Иймээс иргэдийг удаан хугацаанд хүлээх боломжгүй нөхцөл үүссэн гэж тайлбарлав. Одоогоор МИАТ компанид иргэдийг дахин татан авах албан ёсны хүсэлт ирээгүй байгаа аж. Засгийн газрын үүрэг чиглэлийн хүрээнд зөвхөн нислэг үйлдэхтэй холбоотой зардлыг санхүүжүүлсэн байна. МИАТ компанийн мэдээлснээр уг нислэгийг үйлдэхэд түлш, шатахуун, даатгал зэрэг үндсэн үйлдвэрлэлийн зардалд нийт 193 мянган ам.доллар зарцуулжээ.






