
Швейцарт зорчигч тээврийн автобус шатаж, багадаа 6 хүн амь үрэгджээ
Швейцарын нийслэл Берн хотоос 20 км зайд байрлах Керзерс нэртэй жижиг хотод хот хоорондын зорчигч тээврийн автобус шатаж, багадаа 6 хүн амь үрэгдэж, 5 хүн шархаджээ. Фрибург кантоны цагдаагийн газрын түрүүч Фредерик Папогийн мэдээлснээр хууль сахиулагчид автобус хүний үйл ажиллагаанаас болж шатсан буюу автобусыг галдан шатаасан байж болзошгүй гэж сэжиглэж байна.
Уг ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэжээ. Хэргийн газарт түргэн тусламжийн тэргүүд, нисдэг тэрэг ажиллаж, шархадсан 3 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Шатсан автобус нь Swiss Post буюу Швейцарын үндэсний шуудангийн албаны охин компани болох PostBus компанийн автобус бөгөөд PostBus компанийн автобуснууд голдуу хот хооронд зорчдог аж.
Хот хооронд захидал, илгээмж тээвэрлэхээс гадна зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг PostBus-н автобуснуудаар өдөрт 500 мянган хүн зорчдогийн дийлэнх нь сургуулийн насныхан аж.








