
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал эрчтэй яригдаж байна. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн заалтууд угаас бий. Тодруулан хэлбэл, УИХ-ын гишүүн тангаргаасаа няцсан, үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон бол эгүүлэн татах хуулийн зохицуулалтай. Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн төслөө УИХ-ын даргад өргөсөн барьсан. Мөн Иргэний зориг ногоон намаас УИХ-д сууж буй Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нар мөн л тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Одоогоор хараахан өргөн бариагүй, d.parliament.mn сайт дээр байршуулж, иргэдээс санал авч байна. Тэдний хуулийн төслүүд юугаараа ялгаатай, юугаараа адил вэ гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье.
Б.Батбаатарын хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт зөвхөн жагсаалтаар сонгогдсон гишүүдэд л хамаатай. Тодруулан хэлбэл, тухайн намын төлөөллийн төв байгууллага жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргах эрхтэй болох бололтой. Тэрхүү шийдвэрийг нь УИХ хэлэлцэн эцсийн шийдвэрийг нь гаргах аж. Энэ хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ хэмээн хуулийн төсөлдөө тусгажээ. Угтаа УИХ-ын гишүүн л гэж бий. Жагсаалтын, жагсаалтын бус гэж хуульд ялгамжтай байдал бий болгосноор намын бодлогын эсрэг дуугарсан, хайрцагт нь орохгүй байгаа жагсаалтаар сонгогдсон гишүүд намынхандаа жийгдэх нь.
М.Нарантуяа-нара гишүүний оруулж ирж буй нэмэлтээр:
- Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол
- Гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол шууд эгүүлэн татах ажээ.
Ерөөс Цэцийн дүгнэлтийг УИХ руу оруулж, хэлэлцэхгүй цэцийн үгэнд орох нь ээ.
Мөн УИХ-ын гишүүний тангарагт “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхаа” тангараглая гэсэн үг нэмжээ. Түүний хуулийн заалтууд нэмэлтээр ороод батлагдвал 2028 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээжээ.
Ерөнхийлөгчийн хуулийн нэмэлтүүдээс сонирхуулахад:
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүний тангарагт “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж” гэх үг нэмжээ.
Хоёрдугаарт, М.Нарантуяа-Нара гишүүний хуулийн нэмэлттэй адилхан агуулга байгаа юм. Тодруулбал,
- Үндсэн хуулийн цэц тухайн гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулсан бол
- УИХ-ын гишүүний гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон шүүхийн шийдвэр УИХ-ын даргад ирсэн бол тухайн гишүүнийг эгүүлэн татах тогтоол баталсанд тооцно.
Гуравдугаарт, Б.Батбаатар гишүүний санаачилсан хуулийн нэмэлт дээр жагсаалтаар сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллагын саналаар УИХ-ын гишүүд хэлэлцэн эгүүлнэ татна гэсэн ч яг ямар тохиолдолд эгүүлэн татах нь тодорхойгүй байсан юм. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн хуульд жагсаалтын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл эгүүлэн татах саналаа УИХ-ын даргад эсвээс нам, эвслийн бүлгээр уламжлан УИХ-д өргөн мэдүүлнэ. Уг саналыг нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн тохиолдолд эгүүлэн татна гэжээ.
Дөрөвдүгээрт,
- Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан
- Чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй
- Чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй
- Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн бол эгүүлэн татах нь ээ.
Энэхүү хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.
Процессын хувьд танд хоёр зүйл ажиглагдсан байх. М.Нарантуяа-Нара гишүүний санаачилсан хуулийн нэмэлт Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд байна. Б.Батбаатар гишүүний хуулийн нэмэлт ч бас. Тэгэхээр энэ гурван хуулийн төслийг УИХ нэгтгэн хэлэлцэх нигууртай.






