
UFC хоёр дахь ялалтаа байгуулаад буй холимог тулаанч Т.Нямжаргал гэж хэн бэ
Холимог тулаанч Түмэндэмбэрэлийн Нямжаргал нь 1998 оны 3 дугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд мэндэлжээ. Тэрбээр холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC-д тулалдаж буй Монголын хоёр дахь тулаанч юм. Т.Нямжаргал нь жүдо бөхийн хар бүстэй мөн үндэсний бөхийн сумын начин цолтой. 170 см өндөр, 57кг жинтэй, өдгөө 27 настай.

Түүний хувьд тулааны спортоор 2017 оноос буюу 19 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Мэргэжлийн холимог тулааны замналаа 2020 онд эхлүүлж, MGL-1 FC болон Gladiator FC холбооны хөнгөн жингийн аварга болж байсан.
МУГТ Жадамбаагийн Нарантунгалагийн үүсгэн байгуулсан “Shandas MMA” клубын тамирчин бөгөөд гавьяатын шавь юм.


Т.Нямжаргал нь мэргэжлийн түвшинд 10 ялалт, 1 ялагдал гэсэн амжилттай байна. Тэрбээр “Road to UFC” тэмцээний 2 болон 3-р улиралд амжилттай оролцон, ялалт байгуулж, UFC холбоотой албан ёсоор гэрээ байгуулжээ. Гэрээгээ байгуулсны дараа 2024 оны 11 дүгээр сард UFC-ийн анхны тулаанаа хийж байсан юм.
Т.Нямжаргал нь 2026 оны 3 дугаар сарын 8-нд Лас-Вегас хотод болсон “UFC 326” тэмцээнд тулалдаж, мэргэжлийн замналынхаа арав дахь ялалтаа байгуулсан.


Лас Вегас хотын “Т-Mobile” цэнгэлдэхэд нийт 19,480 үзэгч цуглаж, тус тулааныг үзэж сонирхжээ.
Тулааны дараа тэрбээр ярихдаа “Хүүхэд насны минь мөрөөдөл биелсэнд баяртай байна. Миний мөрөөдөл холимог тулааны дэлхийн хамгийн том дэвжээ болох UFC-д тулалдах байсан. Би өрсөлдөгчөө урагшаа явж тулалдаж, цохилцох байх гэж бодсон ч барилдах төлөвлөгөөтэй гарч иржээ. Би үүнд нь ч дасч, өөрийнхөө барилдааны чадварыг гаргаж, яллаа. Би бол Чингис хааны үр сад. Жингийнхнээ өмнө сөхрүүлнэ” гэжээ. Ингэснээр Т.Нямжаргал “UFC” холбоонд албан ёсны гурван тулаан хийснээс хоёрт нь ялалт байгууллаа.
Хэн бэ? видео бичлэг үзэх линк:






