
Монгол Улсын Загсийн газраас Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.
Гэр бүл гэдэг бол зөвхөн халамжийн объект биш, харин хөгжлийн суурь нэгж гэж үзсэн бодлогын томоохон өөрчлөлтийг хийх хуулийг батлуулахаар ажиллаж байна.
“Гэр бүлийн хөгжлийн дэмжих тухай” хуулийн төсөл нь нийт 6 бүлэг, 32 зүйлтэй бөгөөд,
- Эх, хүүхдийн хөгжлийг дэмжих
- Гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх
- Гэр бүлийн цогц үйлчилгээ нэвтрүүлэх
- Ажил, амьдралын тэнцвэрийг бодитоор хангах
- Гэр бүлийн тогтвортой байдлыг сайжруулах
Энэ хуулийн төсөл нь орон сууц, татвар, ажлын цаг, эрүүл мэнд, сэтгэл зүй гээд гэр бүлийн амьдралын бүх чухал талд зохицуулалт оруулж байна.
Орон сууц: Залуу болон олон хүүхэдтэй гэр бүлд давуу эрх
Хуулийн хамгийн их анхаарал татаж буй заалтууд орон сууцтай холбоотой. Анх удаа ипотекийн зээл авч буй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд төрийн дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлнэ.
Хэрэв хуримтлалын нэрийн дансанд байрны үнийн 5 хувьтай тэнцэх мөнгө цугларсан бол урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах боломжтой.
Олон хүүхэдтэй, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийг түрээсийн орон сууцанд нэн тэргүүнд хамруулна. Энэ нь орон сууцжих босгыг бодитоор бууруулах зорилготой юм.
Татварын бодит хөнгөлөлтүүд
Хуульд олон хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн татварын хөнгөлөлтүүд тусжээ.
- 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн нэг гишүүний цалингийн орлогыг татвараас бүрэн чөлөөлнө.
- 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцаа томруулах зорилгоор хуучин байраа зарвал төлсөн татварыг нэг удаа буцаан олгоно.
- Гэр хороололд байгальд ээлтэй эко жорлон барихад зарцуулсан 3 сая төгрөг хүртэлх зардлыг татвараас хасч тооцно.
Эдгээр зохицуулалт нь өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Ажил, амьдралын тэнцвэр: Ажлын цаг богиносох боломж
Ажил эрхэлж буй эцэг, эхчүүдэд зориулсан шинэ боломжуудыг уг хуульд тусгажээ.
Сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхэдтэй ажилтны ажлын цагийг цалинг нь хасахгүйгээр өдөрт 2 цаг хүртэл багасгах боломж. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүн асарч буй ажилтан жилд 3 сар хүртэл хугацаанд долоо хоногийн 1 өдөр гэрээсээ ажиллах эрхтэй болно. Сургуулийн насны хүүхэдтэй ажилтанд өвлийн амралтын үеэр нэмэлт 2 хоногийн чөлөө олгоно гэх мэт заалт оруулж буй бөгөөд энэ нь “гэр бүлд ээлтэй ажил олгогч” гэсэн шинэ соёлыг төлөвшүүлэх алхам гэж үзэж байна.
Гэр бүлийн боловсрол ба эрүүл мэнд
Хууль зөвхөн мөнгөн дэмжлэгээр хязгаарлагдахгүй. Гэрлэлтийн хариуцлага, хүүхдийн хүмүүжил, өрхийн санхүүгийн боловсролын сургалтыг төрөөс зохион байгуулна. Гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц нэвтрүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт гэр бүлээр нь хамруулахаар тусгажээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, архины болон дэлгэцийн хамааралтай гишүүнтэй гэр бүлд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь асуудал үүссэний дараа бус, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох зорилготой аж.
Аймаг, дүүрэг бүрт “Гэр бүлийн цогц төв”-тэй болно
Хуулийн хүрээнд аймаг, дүүрэг бүрт төр-хувийн хэвшлийн түншлэлээр гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв ажиллуулах юм.
Эдгээр төвөөр:
- Сэтгэл зүйн зөвлөгөө
- Гэр бүлийн харилцааны сургалт
- Эрэгтэйчүүдэд зориулсан хөгжлийн үйлчилгээ
- Нийгмийн зөвлөгөө, дэмжлэг зэрэг үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.
Энэ хууль батлагдвал олон хүүхэдтэй гэр бүлийн орлого бодитоор нэмэгдэж, залуу гэр бүл орон сууцжих боломж илүү нээлттэй болно. Эцэг, эхчүүд ажил, амьдралаа тэнцвэртэй зохицуулах боломжтой болох бөгөөд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тогтолцоо бэхжих ажээ. Мөн гэр бүлийн харилцаа, хариуцлага дээшилж, гэр бүлийг халамжийн хүрээнээс гаргаж, хөгжлийн бодлогын төвд тавьж буй анхны томоохон алхам гэж хэлж болно.






