
Манай улсад энэ оны эхний хоёрдугаар сарын байдлаар халдварт өвчний тохиолдол 14,122-д хүрсэн талаар холбогдох байгууллага мэдээлжээ. Халдварт өвчний идэвхжил нэмэгдэх хандлагатай энэ үед улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ач холбогдол өндөр байгааг өрхийн эрүүл мэндийн эмч нар онцолж байна.
Энэр-Ази ӨЭМТ-ийн сувилагч С.Сувдаа “Сүүлийн үед улаанбурхны өвчлөл гаднаас зөөвөрлөгдөн нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс өнгөрсөн хоёрдугаар сард сургуулиудад нэмэлт вакцинжуулалт хийсэн. Товлолт вакциндаа хамрагдаагүй сургуулийн насны хүүхдүүд халдварт өртөх эрсдэл өндөр байгаа учраас нэмэлт тун хийж байна. Хэрэв товлолт вакциндаа хугацаандаа хамрагдаагүй бол дархлаа сэргэсний дараа хугацаа харгалзахгүйгээр нөхөн хийлгэх боломжтой. Улаанбурхан нь бүрэн тунгаар дархлаажуулалт хийлгэсэн тохиолдолд хамгаалагдах боломжтой. Харин товлолт вакцинаа дутуу хийлгэсэн бол дархлаа бүрэн тогтоогүй гэсэн үг. Хөдөө орон нутгийн хүүхдүүд товлолт вакцинаасаа хоцрох хандлага ажиглагддаг. Улаанбурхны вакциныг харшилын сорил тавиулаад хийлгэвэл зохиолтой” хэмээн тайлбарлалаа.
Улаанбурхан өвчний үед өндөр халуурах, ханиалгах, нус гоожих, нүд улайж нулимс гоожих, улмаар биеэр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Ийм тохиолдолд гэрээр дур мэдэн эмчлэхгүй, яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Түүнчлэн “Улаанбурхан нь хоруу чанар өндөртэй, хүнээс хүнд дамждаг өвчин тул хавьтагч болсон тохиолдолд яаралтай үзлэг, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эрүүл мэндийн байгууллага иргэдийг хорлох бус, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалт хийдэг. Вакцинаар сэргийлэх боломжтой өвчнөөс шалтгаалж эндэгдэл гарах нь харамсалтай. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ вакцины бүрэн тунг шалгаж, дутуу бол нөхөн хийлгэх хэрэгтэй” хэмээн эх эмч О.Пагмаа эмч онцоллоо.
Иймд мэргэжилтнүүд эцэг эхчүүдийг хүүхдээ товлолын дагуу вакцинжуулалтад бүрэн хамруулж, халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй өрхийн эмчид хандахыг зөвлөж байна. Улаанбурханаас сэргийлэх хамгийн найдвартай арга нь вакцин гэдгийг эмч нар санууллаа.
М.Солонго






