
“Сэлэнгэ Бодонс” болон “Майнерс” багууд өнөөдөр М Банк Арена-д тоглоно. Плей-оффын шатанд тоглолт бүр өндөр ач холбогдолтой. Хожсон баг финалын босгонд улам ойртож, ялагдсан нь дараагийн тоглолтод илүү шахалттай орно. Тэр утгаараа багууд өнөөдөр бүх хүчээ шавхах нь тодорхой.
“Сэлэнгэ Бодонс” багийн бүрэлдэхүүнд NBA-ийн туршлагатай тоглогчид нэгдсэн нь тэдний давуу тал болж үзэгч дэмжигчдэд хүлээлт үүсгээд байна. Багийн довтолгооны гол цөм нь дөрвөн удаагийн бүх оддын тоглогч DeMarcus Cousins (Демаркус Казинс) самбарын доорх ноёрхол, оноо авалт, дамжуулалтаараа тоглолтын хэмнэлийг тодорхойлж чадна.
Мөн 2020 оны NBA-ийн драфтын 55 дахь сонголт Jay Scrubb (Жэй Скрабб) багт нэгдсэнээр залуу, хурдтай тоглолтыг авчирч байгаа юм. Туршлага болон эрч хүчийн хослол “Сэлэнгэ Бодонс”-ын довтолгоог илүү олон талт болгожээ.
Харин “Майнерс” баг энэ улиралд хамгаалалт, тоглолтын хурдаараа илт сайжирсан. Тэд шахалттай хамгаалалт, хурдан шилжилтээр өрсөлдөгчөө алдаа гаргахад хүргэж, довтолгоонд хурдтай шилжих тактикаар давуу байдлыг бий болгодог. Өнөөдрийн тоглолтод Казинсын эсрэг хамгаалалтын шийдэл, самбарын тэмцэл тэдний гол сорилт байх болно.
18:10 цагаас эхлэх энэхүү тоглолт үзэгчдэд ширүүн өрсөлдөөн, хурц шийдвэрлэх мөчүүдийг бэлэглэх төлөвтэй байна.
М.СОЛОНГО






