
Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Сү.Батболдын хүү Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшжээ. Тодруулбал, энэ сарын 12-нд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүн шинэчлэгдэнэ. Хараат бус бие даасан сонгуулийн комисс байгуулагдсан бөгөөд тус комисс МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дуусжээ.
Удирдлагын бүрэлдэхүүнд материалаа ирүүлсэн нэр дэвшигчдээс хэд, хэдэн нэр анхаарал татна. 2022 оноос хойш МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Баттүшиг цор ганцаархнаа Ерөнхийлөгчид материалаа ирүүлжээ. Товчхондоо бол Б.Баттүшиг өрсөлдөгчгүйгээр МҮОХ-г дахин толгойлох тохироогоо хийжээ. Түүний хувьд Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүний нөхөр. МҮОХ-ны Ерөнхийлөгч байх нь дэлхийн томчуудын хүрээлэл дунд орох виз. Гэр бүлийнхээ хүнийг олимпуудад дагуулж явж, аялж, олимпын медаль гардуулна, асар их мөнгө эргэлдэнэ гээд тоочоод байвал дуусахгүй. Тэр утгаараа ийм амар хоолноос хэн салахыг хүсэх билээ.
Материалаа ирүүлсэн хүмүүсийн нэрсээс харвал тэрбээр Я.Содбаатартай хэдийн тохироогоо хийсэн бололтой. Тус холбооны дэд ерөнхийлөгчөөр мөн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар материалаа ирүүлжээ. Мөн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллахаар Ч.Номин, А.Ганбаатар гэсэн УИХ-ын гишүүд материалаа ирүүлсэн байгаа нь анхаарал татна. Ёстой л нөгөө гуя дагаж хүзүү гэдэг нь болох нь дээ.











