
2026 оны гуравдугаар сарын 1. Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр” тохиов.
Энэ өдөр “Нүүрсний хэрэг” -т холбогдон ял эдэлж, суллагдсан Т.Аюурсайхан, шалгагдаж буй Д.Амарбаясгалан нар өөр өөрийн цахим хуудсаар мэдэгдэл хийлээ.
Тэдний мэдэгдэл баярын мэндчилгээ, ердийн улс төрийн ёслолын үг байсангүй. Харин сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэл гэсэн үгсээр дүүрэн, нам доторх бодит зөрчил, дотоод хямралыг ил тод хөндсөн улс төрийн мэдэгдэл байлаа.
Монгол Ардын Нам 2016 оноос хойш төрийн эрхийг тогтвортой барьж, 2024 онд 126 гишүүнтэй парламентын анхны сонгуулийг амжилттай зохион байгуулсан, институцийн шинэчлэл хийсэн гэх улс төрийн хүч. Гэвч мэдэгдэлд ялалтын бахархал давамгайлсангүй.
Харин дотоод ардчилал хумигдаж буй, бүлэглэлийн залгамж халаа давамгайлж буй, санал зөрсөн гишүүдийг шахах хандлага газар авч буй, улс төрийн “орчин цагийн хэлмэгдүүлэлт” ажиглагдаж буй гэсэн үгс орсон нь анхаарал татна.
Энэ нь МАН доторх фракцийн тэмцэл бодитой түвшинд хүрснийг илтгэж байна.
2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мессеж үү?
2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах цаг ойртож буй.
Ийм үед намын дотоод эв нэгдэл, нэр дэвшигчийн асуудал, фракцийн хүчний тэнцвэр онцгой ач холбогдолтой.
Харин Д.Амарбаясгалангийн мэдэгдэл дэх “ялалт ч үүрдийнх биш, ялагдал ч үүрдийнх биш” гэх өгүүлбэр бол улс төрийн ирээдүйн өрсөлдөөнд бэлтгэж буйг илтгэх дохио байж мэднэ.
Энэ нь нэг талаас намын удирдлагад хандан өгсөн анхааруулга, нөгөө талаас дэмжигчдэдээ өгсөн сэтгэл зүйн бэлтгэл гэдэг нь харагдаж байна.
Монголын улс төр 2026 онд гаднаа тогтвортой харагдавч, дотроо дахин байрлал тогтоох шатандаа оржээ.
МАН-ын жинхэнэ сорилт сонгуулийн ялалт биш, харин дотоод ардчиллаа хадгалж чадах эсэх дээр төвлөрч байна.
Өнгөрөгч баасан гарагт болсон МАН-ын Бага хуралд тавигдсан намын дарга, Ерөнхий сайд нарын илтгэлээс энэ бүхэн тод харагдаж байна.






