
УСУГ-ын Инженерийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Одхүүтэй ярилцлаа.
-Нийслэлийн ундны усны чанар аюулгүй байдлын талаар иргэд ихээр ярьдаг. Ялангуяа орон сууцны крантнаас гарч байгаа ус чанаргүй гэх байдлаар цэвэр ус худалдаж авч хэрэглэх нь бий. Тэгэхээр мэргэжлийн хүний хувьд энэ асуудал дээр нэг тайлбар өгөхгүй юу?
-Ундны усны чанар аюулгүй байдлыг ярихаас өмнө ус хангамж, эх үүсвэрийг эхний ээлжинд дурдах нь зүйтэй. Улаанбаатар хотод нийтдээ 220 гаруй гүний худаг байдаг. Ойролцоогоор 40-50 метрийн гүнд. Газрын гүнээс усыг олзворлож, түгээдэг. Өдөртөө 90-110 гүний худаг ажилладаг. Үлдсэн нь бэлтгэлд, нөөцөд сэлгэх байдлаар ажиллуулж байгаа.
Ундны усны чанар олон улсын стандартыг бүрэн хангаж байгаа, зөөлөн гэсэн ангилалд орсон ус. Үүнийг эх үүсвэр болгон дээр өдөр бүрийн лабораторийн шинжилгээг хийнэ. Үүн дээр хими, физик, микробиологийн 50 гаруй төрлийн шинжилгээг хийдэг. Харин зэвтэй усны асуудал сүүлийн 4-5 жил яригдаж байгаа. Үүн дээр ялгаж салгаж ойлгох ёстой. УСУГ бол газрын гүнээс олзворлож байгаа усыг төв шугамаар дамжуулан эхний хэрэглэгч болох орон сууц, орон сууц эзэмшигчид рүү нийлүүлдэг. Үүн дээр шугам сүлжээний чанарын асуудал гарч ирээд байгаа юм. Түүнээс үүдэж иргэдийн шүүмжлээд байгаа зэвтэй ус гараад байгаа гэж яригддаг.
-Хяналт шинжилгээ хийхдээ ямар багаж, тоног төхөөрөмж ашиглаж байна вэ, олон улсын стандартад хэр нийцдэг бол?
-Монгол Улсад MNS 09002015 гэж ундны усны чанарын стандарт мөрдөгддөг. Энэ стандартад нийцүүлсэн шинжилгээг бид хийж байгаа. Дээр хэлснээр 50 гаруй төрлийн шинжилгээнүүдийг хийж байна. Эх үүсвэр дээр өдөр тутам шинжилнэ. Үүнд ашиглаж байгаа багаж, тоноглолууд бүгд стандартын шаардлага, аюулгүй байдлыг хангасан. Монгол Улс энэ чиглэлийн тоног төхөөрөмжийн хувьд нэлээд дээгүүр орпдог шүү.
-Зэвтэй ус гарч байна гэж сүүлийн жилүүдэд яригддаг болсон гэлээ. Чухам хаана ямар шатанд ийм эрсдэл үүсээд байна вэ?
-2019 оноос хойш ундны усны чанар аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Усыг олборлоод хэрэглэгчдэд хүрэх хугацаанд зам туулах хугацаанд ямар эрсдэл учирч болох вэ, тэр эрсдэлийг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр бид Улаанбаатар хотын захиргаатай хамтраад ажилласан. Энэ хүрээнд худгийн битүүмжлэл, усан сангийн битүүмжлэл, усыг чанарын үзүүлэлт, өөрчлөлтгүйгээр хүрэх бүх талын арга хэмжээг авч ажилалж байна.
Иргэд олборлолт тал дээр төөрөгдөлтэй байдаг. “Цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг буцаагаад ундандаа өгчихдөг гэнэ лээ” гэж ярьдаг. Тийм зүйл байхгүй. Би түрүүн хэлсэн. Газрын доор байдаг аллювийн хурдаснаас авч байгаа юм. Ингээд олборлож гаргаж ирээд халдваргүйжүүлээд хэрэглэгчдэд түгээдэг. Энэ эх үүсвэр төрийн хамгаалалтанд байдаг.
Та бүхэн анзаардаг бол одоогийн 40 50 мянгат, 3, 4 хороолол, Бага тойрог зэрэг хуучны хорооллуудад зэвтэй ус гэж яригддаггүй. Тэнд байгаа шугам сүлжээ анх УСУГ 1959 онд төвлөрсөн шугам сүлжээнд ус нийлүүлж эхлэхэд л суурилагдаж байсан. Түүгээр дамжиж байгаа усанд чанарын асуудал байхгүй.
Харин сүүлийн үед баригдаж байгаа орон сууцны хороолол хотхонд ихэвчлэн зэвтэй ус ирж байна гэдэг болсон. Нэг ёсондоо тэнд шугам сүлжээний чанарын асуудал байгаа юм.
-Орон сууц барьсан компани ийм алдаа гаргадаг гэж үү?
-Жишээ нь, нөхөр А хотхон барилаа. “Техникийн нөхцөл авъя” гэж БУСУГ-аас хүсэхээр “Чи тэр шугам дээрээс усаа авна шүү” гэдэг. Энэ хооронд нөхөр А шугам сүлжээг өөрийнхөө барилга руу оруулахын тулд угсарч таарна. Айлуудынхаа крант руу угсарна. Энэ хооронд материалын асуудал яригдаад байгаа юм. Түүнээс төв шугам талдаа асуудал байхгүй. Хэрэв тэгвэл хот тэр чигээрээ зэвтэй ус уух болно шүү дээ.






