
Дундговь аймаг руу тэмээний баярт явахдаа “Заа тэндээс л би хөөрхөн хос” олоод Валентины баярын нэвтрүүлгээ бэлтгэнэ дээ гэж бодон бодон явсан юм.
Эхний өдөр амьдралдаа ойртож ч үзээгүй тэмээн дундуур тэнтэр, тунтар алхан явахдаа энэ хоёр хосоос Сайхан хосын тэмцээн нь хэзээ болох вэ? гэж асуутал яагаад ч юм миний хайж байсан хүмүүс үү гэлтэй мэдрэмж хүчтэй төрж билээ.
Үргэлжлүүлэн та хоёр манай нэвтрүүлэгт орох уу? сайхан хайрын талаараа ярьвал болох уу? гэтэл эгч ч уриалгахан зөвшөөрч, ах харин ичингүйрэн тэрхэн зуур улайгаад эхлэх нь нэг тийм хөөрхөн мэдрэмж төрүүлсэн.

Маргаашийнхаа зураг авалтын цагийг тохироод бидний ярилцлага эхлэв.
Эхнэр нь өглөө болгон ханийгаа бодож сүүгээ өргөдөг гэнэ, анх босгыг нь давахдаа л та гэж дуудсан одоо ч энэ л янзаараа хүндэтгэн ярьсан хэвээр. Хайраа гэж дуудах нь сул үг шиг сонсогддог, миний ханиа, миний хөгшөөн гэж дууддаг гэнэ.
Гэргий нь нулимс их ойрхонтой. Түүнийгээ тайлбарлахдаа “хайранд хайрлагдаж байгаагийн минь уярал юм болов уу” гэх үед ийм хайр бас байдаг аа гэж бодсон шүү.
Тэдний нэрийг Х.Отгонсүрэн, Б.Эрдэнэтуяа гэдэг. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын малчид. Анх гэр бүл болсон цагаасаа л хос дээл, хос тэмээгээр гангарч олон баярын сайхан хосоор шалгарч явсан түүхтэй.


Х.Отгонсүрэн гуай анх харсан мөчөө дурсахдаа:
“Анх хараад л хөөрхөн охин байна даа гэж бодсон. Тэгээд л энэ бүсгүйг л хань минь болгоно доо гэж шийдсэн” хэмээн инээмсэглэнэ. Нэг нутгийн хүүхдүүд болохоор багаасаа бие биеэ мэднэ. Харин нас биед хүрч, 18-19-тэйдээ жинхэнэ утгаар нь дотносож, хувь заяагаа холбожээ.
Гэвч тэдний учрал бүр бага наснаас нь эхлэлтэй байж.


Б.Эрдэнэтуяа гуай гурав, дөрөвхөн настайдаа чулуун тоглоомоор тоглонгоо ирээдүйн хадам аавынх нь тамганы хээг дуурайлган зурдаг байсан гэнэ. Тэр үедээ “Би энэ айлын хүн болно” гэж зөнгөөрөө мэдэрсэн мэт.
Олон жилийн дараа, 25 насандаа айлын бэр болж ирээд тэмээ тамгалах агшинд яг өнөөх багадаа зурж тоглодог байсан тамгыг харсан нь зүрхэнд нь багтамгүй сайхан дурсамж болон үлджээ.
Хүүхдийн гэнэн зөн, хувь заяаны нарийн холбоо тэднийг аль эртнээс сүлжсэн мэт.


Тэдний жинхэнэ “хөгшин” болсон түүх ч хөгжилтэй. Нэгэн удаа сумын төвд тэмээн поло болж байхад Х.Отгонсүрэн:
“Миний хөгшин энэ тэмээг барьж бай даа” хэмээн анх дуудаж. Тэр үгнээс хойш “хөгшин” гэх эрхэм дуудлага насан туршийнх нь энхрийлэл болжээ.
Б.Эрдэнэтуяа ханийгаа хэзээ ч “чи” гэж хэлж үзээгүй. “Чи” гэхээр загнах гэж байгаа мэт санагддаг тул анх энэ айлын босгоор алхахдаа “та” гэж хүндлэн дуудсан хэвээрээ өнөөдрийг хүрчээ.
Хүндлэл дээр тогтсон хайр ийм л намуухан, бат бөх.


Амьдралд жаргал ч бий, хагацал ч бий. Эцэг, эхээсээ хагацах хүнд үед “хажууд байгаа хань л жинхэнэ хань болдог юм билээ” хэмээн дурсахдаа аньсага нь чийгтэж аавыгаа дурсан “Би айлын бага. Их эрх хүүхэд байсан даа” гэж Х.Отгонсүрэн дурсана.
Хүний сэтгэлийн гүнд дутаж буй хайрыг олж харж, тэр хоосон зайг нь зөөлнөөр нөхөж чадвал жинхэнэ хайр тэндээс эхэлдгийг гэж тэд ойлгожээ.
Зүгээр нэг “хайртай” гэж хэлэх бус, нөгөө хүнийхээ зүрхний дуудлагыг мэдэрч, юугаар дутаж байгааг нь анзаарч хайрлахыг л жинхэнэ хайр гэдэг аж.

Б.Эрдэнэтуяа өглөө бүр босоод цайныхаа дээжийг өргөхдөө ханиа боддог. Ханийнхаа эзгүйд ч аягыг нь дүүрэн байлгадаг. “Гэрт байхгүй гээд орон зай нь үгүй болчихно гэсэн үг биш” хэмээнэ.
Түүний хувьд хайр гэдэг өдөр бүрийн энгийн үйлдэлд, аяга цайны уур савсах агшинд, ханьдаа зориулсан чимээгүй залбиралд оршдог.
Тэд таван сайхан үрийн аав, ээж. Олон жилийг хамтдаа туулжээ. Б.Эрдэнэтуяа “Би хэзээ ч хайраар дутаж амьдарч үзээгүй. Хань минь намайг хайраараа ивээж ирсэн. Ханьдаа их хайртай шүү” хэмээн биедээ чин сэтгэлээсээ хэлэн хацар дээр нь зөөлхөн үнсэнэ.


Валентины баярыг тэд сүр дуулиантай тэмдэглэдэггүй. “Өнөөдөр шүү дээ гэвэл яах вэ, ханиа нэг үнсэнэ” гэж инээцгээнэ. Тэдний хувьд хайр бол ганц өдрийн баяр бус, зүрх зүрхэндээ өдөр бүр тэмдэглэдэг баяр юм.
“Хайр хөгширдөг үү?” гэхэд тэд нэгэн дуугаар:
“Үгүй ээ, харин ч хөгшрөх тусам нялхардаг” гэв.


Говийн салхинд хамтдаа гандсан ч, сэтгэл нь улам зөөлөрч, бие биеэ улам энхрийлж, улам түшиж явна.
Хүндлэлээр эхэлсэн, зөнгөөрөө холбогдсон, уужуу тайвнаар батажсан энэ хайр тэднийг насан туршид нь хөтөлсөөр…








