
XX зууны эх хүртэл Монголд гэрэл гэх ойлголт лаа, дэн, тосон зулаар хязгаарлагдаж, хот, суурин гэж бараг байхгүй, нүүдлийн ахуйтай байлаа.
Харин 1912 оны орчим Нийслэл Хүрээнд буюу өнөөгийн Улаанбаатар хотод Оросын худалдаа, консулын газрууд жижиг дизель генератор ашиглаж эхэлсэн нь Монгол газар цахилгаан ассан анхны тохиолдол байлаа. Гэхдээ зөвхөн цөөн барилгад байсан бол жирийн монгол айлд хамаарахгүй.
1934 он. Улаанбаатарт анхны цахилгаан станц ашиглалтад оров. Төрийн байгууллага, зарим орон сууц цахилгаантай болж,
1940–1950-аад онд хот суурин газруудад цахилгаан аажмаар тархаж, хотын иргэд лаанаас бодитоор салж эхэлсэн үе юм.
Харин 1960–1980-аад он аймгийн төвүүд, үйлдвэр, сургууль, эмнэлгүүд цахилгаантай болсон ч малчин өрхүүд лаа, дэнгээ барьсаар л байлаа.
2000-аад он. “100 мянган нарны гэр”, “Нарны панельтэй малчин өрх” хөтөлбөрүүд хэрэгжиж, малчид лаанаас нарны гэрэл, зурагт, гар утас руу шилжив. Энэ бол Монголын эрчим хүчний замнал.
Харамсалтай нь 2026 он гарчихаад байгаа ч нийслэл хот нь лаанаасаа салж чадаагүй байна.
Дэлхийн хэмжээнд нүүрс 115 жил, хий, шингэн түлш 50 жилийн хэрэглээг хангах нөөцтэй үлдсэн гэж тооцоолж байна. Харин Монгол Улс 315 жилийн хэрэглээг хангах түлшний нөөцтэй. Гэвч энэ тоо бодит амьдрал дээр давуу тал болж чадсан уу гэвэл үгүй.
Нөөц ихтэй атлаа цахилгаан, шатахуунд хараат хэвээрээ л байна.
Монгол Улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувьд хүргэх зорилт тавьсан.
Хүлэмжийн хийн ялгарлыг 2.9 сая тонн CO₂-экв-ээр бууруулах амлалт өгсөн. Гэвч өнөөдөр энэ зорилтын талд ч хүрээгүй байна.
Асуудал нь зорилт дутсанд биш. Хариуцлага тодорхойгүйд байна. Ямар байгууллага, ямар хугацаанд, ямар санхүүжилтээр, ямар үр дүн гаргах ёстой вэ гэдэг асуултад тодорхой хариулт алга.
Монголчууд 100 гаруй жилийн өмнөх “лаатай” амьдралаасаа салж чадагүй байхад дэлхий биднийг холоо хаяад явчихсөөн.
Дэлхий даяар нар, салхи, усны хүчээр цахилгаан үйлдвэрлэж, эрчим хүчний шинэ эрин эхэлсэн. 2024 онд дэлхийн нийт цахилгаан хүчин чадлын 92 % нь сэргээгдэх эх үүсвэрээс нэмэгдсэн, нар, салхи нь шинэ хүчин чадлын 97 %-ийг бүрдүүлжээ.
Тэгвэл өнөөдөр Монголд юу болж байна вэ?
- Хотын төвөөс холгүй гэр хорооллын айлууд өнөөдөр ч лаа асааж гэрлээ гэрэлтүүлдэг.
- Төвийн цахилгаан станцууд нь хуучирч, тасалдаж, зарим айлын гэрт огт цахилгаан байхгүй.
- Нар, салхиар эрчим хүч үйлдвэрлэх боломж байхад бид хоцорсоор байна.
Энэ хоцролт жирийн монгол айл, иргэн бүрийн ажил амьдралд шууд нөлөөлж байна.
Эрчим хүчний салбарт сандайлсан эрхмүүдийн идсэн, уусан нь их болохоос нэмж барьсан нэг ч станцгүй төр засгийн царай, салбар хариуцсан сайддаа 30 хоногийн үүрэг өгсөн Ерөнхий сайдын царай хоёр яг адилхан байна.
100 жилийн өмнө лаа, зул, тосон дэнгээрээ гэрэл залгуулж байсан Монголчууд XXI зуунд ч лаатайгаа л явна даа.






