
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож, үг хэллээ.
Тэрбээр өсвөрийн шатарчдад хандан “Шатар бол тэсвэр тэвчээр шаардсан оюуны их спорт. Оюун бодлоо цэгцлэх, анхаарал төвлөрөл сайжруулах зэргээр хувь хүний хөгжлийг тэтгэдэг спорт” гэж онцлон хэллээ. Мөн шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулах бэлтгэл ажлын хүрээнд тус аймаг багш нараа хэдийнээ бэлдсэн байгааг сайшаав.
Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил зургаан насны /6-18 нас/ ангилалд 160 орчим хүүхэд өрсөлдөж байна. Нас насны ангилалд эхний гурван байрт шалгарсан шатарчид аймгаа төлөөлөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Өмнөговь аймаг өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил таван настай буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийг тус тэмцээнд оролцуулж эхэлснээрээ онцлог юм байна.


Монгол Улсын Засгийн газар












