
Милан-Кортина-2026 Өвлийн Олимпын 25 дахь удаагийн наадмын нээлт өнгөрсөн баасан гарагт Италийн Милан, Кортина, Ливиньо болон Предаццо гэсэн 4 байршилд нэгэн зэрэг болж өнгөрөв.
Нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол арга хэмжээнүүд Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд зохион байгуулагдсан байна. Миланы Сан Сиро цэнгэлдэх болон Кортина-д’Ампеццо хотод байршуулсан Олимпын бамбаруудыг Италийн тенор Андреа Бочеллиг Ж.Пуччинигийн “Турандот” дуурийн Nessun Dorma арийг амилуулах үеэр сүр дуулиантайгаар асаажээ.
Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах комиссын бүтээлч захирал Марко Бали нээлтийн шоугаараа эв нэгдэл, харилцаа холбоо, зөвшилцөл зэргийг харуулахыг хүссэн гэдгээ илэрхийлжээ.
Өвлийн Олимпын нээлт “Италийн гоо үзэсгэлэн”, “Уран зөгнөл” зэрэг хэсгүүдээс бүрдэж байсан ба зохион байгуулагчид өнгөрсөн онд 91 насандаа өөд болсон Италийн загвар зохион бүтээгч Жоржио Арманигийн дурсгалыг хүндэтгэхээ ч мартсангүй.
Түүнчлэн Өвлийн Олимпын наадмын нээлтэд Америкийн дуучин Мэрайя Кэри ая дуугаа өргөж, Италийн алдартай “Volare” нэртэй дууг итали хэлээр, мөн өөрийн 2025 оны Here For It All цомгийн “Nothing Is Impossible” дуугаа дуулсан байна.
Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах комиссын ерөнхийлөгч Жиованни Малаго Олимпын наадмыг нээж үг хэлэхдээ өмнө нь Итали хүн болж төрсөндөө ингэж ихээр бахархаж байгаагүй гэдгээ онцолсон бол Олон улсын Олимпын хорооны анхны эмэгтэй ерөнхийлөгч Кирсти Ковентри, “Олимпын наадам бол зүгээр нэг спортын арга хэмжээ биш юм. Энэ бол бидний тухай, биднийг хүн болгодог зүйлийн тухай юм. Олимпын наадам бидэнд өөрсдийгөө илүү сайн, шилдэг нь болохын тулд хичээх хэрэгтэйг харуулдаг. Энэ гь тус наадмын ид шид юм.” хэмээн Өвлийн Олимпын наадмыг албан ёсоор нээснийг мэдэгджээ.
Өвлийн Олимпын наадмын кёрлинг, уран гулгалт, хоккей зэрэг төрлүүдийн тэмцээн нээлтийн арга хэмжээ болохоос өмнө хэдийн эхэлсэн ба Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадмын анхны медалиудын эзэд энэ бямба гарагт тодрох аж.
Эх сурвалж: BBC Sports



















