
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд өнөөдөр гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Монголын залуучууд оюун ухаан, урлаг, спортын амжилтаар улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж байгаагийн тод жишээ болсон шилдэг баритон Амартүвшинд баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. 2025 оны Rome Opera Star Award-ын “Best Baritone”шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц шагнал юм гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн дэлхийн дуучныг бэлтгэсэн Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөд баяр хүргэлээ.
Шавийн маань амжилтад Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн багш нар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хувь нэмэр их. Монгол хүний чадвараас илүү Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаагийн илрэл юм гэдгийг гавьяат багш Ц.Ерөө уулзалтын үеэр хэлж байлаа.

Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.


- 2011 – “Baikal” Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Улан-Үдэ, ОХУ) 1-р байр
- 2011 – XIV Чайковскийн олон улсын уралдаан (Санкт-Петербург) 2-р байр, үзэгчдийн нэрэмжит шагнал
- 2012 – Placido Domingo “Operalia” олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Бээжин, Хятад) 1-р байр
- 2013 – 50 дахь “Francisco Viñas” олон улсын уралдаан (Барселона) 2-р байр
- Орос хөгжмийн шилдэг дуучин, Sabadell Опера найзуудын тусгай шагнал
- 2015 – BBC Cardiff Singer of the World Үзэгчдийн нэрэмжит шагнал
- 2016 – Seoul International Competition 3-р байр
- 2018 – ОХУ-ын Большой театрын “Bravo” шагнал
- 2020 – Италийн Arena di Verona Festival-аас олгодог “Opera Oscar” – Шилдэг баритон шагнал
- 2023 – Италийн Arena di Verona Festival-аас олгодог “Opera Oscar” – Шилдэг баритон шагналыг хоёр дахь удаа хүртсэн.
- 2024 – Дэлхийн агуу баритон “Ettore Bastianini”-д нэрэмжит “Trofeo di Bronzo” шагналыг хүртсэн. Энэхүү шагналаар дэлхийн алдартай дөрвөн баритон шагнагдаж байсан бол тав дахь нь Э.Амартүвшин болсон.
- 2025 – Rome Opera Star Award “Best Baritone” шагнал хүрээлээ.








