
Японы Фүжиёошида хотын удирдлагууд 2016 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн сакура цэцгийн наадмаа энэ жил цуцлахаар шийдвэрлэжээ.
Фүжи уулын ойролцоо байрлах тус хотод хавар сакура мод дэлгэрэх цагаар зочлох гадаад дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам өсөж, жуулчид зам дээр түгжрээ үүсгэх, хогоо хаях, хориотой газар луу нэвтрэх, ил задгай бие засах явдал нэмэгдэж, орон нутгийн иргэдийн амар амгалан байдалд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Тус хотын дарга Шигэрү Хориүчи, “Хотын оршин суугчдын амар амгалан байдал, амьдрах орчныг хамгаалахын тулд бид 10 жилийн турш зохион байгуулж ирсэн наадмаа цуцлахад хүрээд байна.” гэжээ.
Фүжиёошида хотын удирдлагууд анх 2016 онд гадаад дотоодын жуулчдыг татах үүднээс Аракүраяама Сенген паркийн үүд хаалгыг нээж, жил бүр сакура цэцгийн наадам зохион байгуулж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээнд Япон улстай холбоотой постууд өндөр хандалт авч, иений ханш суларсантай холбоотойгоор жуулчдын тоо огцом өссөн нь орон нутгийн иргэдийн амьдрах орчинд ноцтой нөлөөлөх болжээ.
Сакура цэцэглэлтийн оргил үеэр Фүжиёошида хот өдөрт 10 мянган жуулчин хүлээн авдаг болжээ. Энэ жилийн сакура цэцгийн наадмыг цуцалсан ч хотын удирдлагууд ирэх 4, 5-р сард олон тооны жуулчин хүлээн авахдаа бэлдэж байгаа аж.
Япон улсын эрх баригчид нэг газарт хэт олон тооны жуулчид нэг дор цугларахаас сэргийлж 2024 онд жуулчдын очиж зургаа авхуулах дуртай газруудын нэг болох Фүжикавагүчико хотод байрлах Lawson дэлгүүрийн урд өндөр хаалт байрлуулсан билээ. Учир нь Фүжикавагүчико хотын оршин суугчид гадаадын жуулчид Фүжи уулын фон дээр Lawson дэлгүүрийн урд зургаа авхуулахдаа хогоо ил задгай хаяж, автомашинаа хаа хамаагүй байрлуулж байгаа тал дээр гомдол гаргажээ.
Японоос гадна өөр бусад улс орнууд ч нэг дор олон тооны жуулчид цугларахаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.
Өнгөрсөн даваа гарагт Италийн эрх баригчид Ромын алдарт Треви усан оргилуурыг үзэхээр очсон жуулчдаас 2 еврогийн хураамж авах болсноо танилцуулжээ. Уг хураамжийг Италийн эрх баригчид жуулчдын тоог зохицуулахад мөн уг түүхэн дурсгалыг хамгаалахад зарцуулна гэжээ.
Түүнчлэн Италийн Венец хотод жил бүрийн 4-р сараас 7-р сарын хооронд тодорхой өдрүүдэд зочлох гэж буй жуулчид захиалгаа эрт өгвөл 5 евро, тулгаж өгвөл 10 еврогийн хураамж төлдөг болоод байгаа билээ.
Эх сурвалж: BBC






