
Парламентын гишүүдийн хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд ажилладаг Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо энэ долоо хоногт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хуралдаж байна.
Тус хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг тус хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь жил бүр дэлхийн олон оронд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах, өмгөөлөх чиг үүрэгтэй цорын ганц олон улсын гомдол шийдвэрлэх механизм юм.
Тус Хороо нь аюулд өртсөн парламентчдыг дэмжих зорилгоор олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлах, үндэсний эрх баригч байгууллагуудтай харилцах, газар дээр нь ажиллах айлчлал хийх, шүүх хуралд ажиглагч илгээх зэрэг бодитой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Монгол Улсын Их хурлын гишүүн О.Номинчимэг Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монгол Улс хүний эрх, парламентын ардчиллыг хамгаалах олон улсын хүчин чармайлтад идэвхтэй хувь нэмэр оруулж буйн илэрхийлэл болж байна.


Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь дэлхийн бүс нутгуудыг төлөөлсөн 10 гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүд нь үндэсний бус, хувь хүний чадавх, мэргэшил, хүний эрхийн төлөөх тууштай байдлыг нь харгалзан сонгогддог. Хорооны бүрэлдэхүүн нь геополитикийн болон жендэрийн тэнцвэрийг хангах зарчмыг баримталдаг бөгөөд одоогоор гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байна.






