
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын багш, сурагчид өвлийн куртик, үстэй дээл, годон гуталтайгаа хичээллэж байна. 2017 онд ашиглалтад орсон шинэ сургуулийнх нь хананууд цуурч, нэвт салхилж байна. Ер нь бол ашиглалтад орсон цагаасаа хойш хүйтэн байгаа гэнэ. Цууралтууд өдөр бүр нэмэгдэж байгаа талаар сургуулийн удирдлага хэлж байлаа. Энэ барилгыг барьсан Хөвсгөлийн “Хөх тэнгэр” нэртэй компани одоо татан буугджээ.
Сурагчид ангиа угаахад шал, шал арчдаг алчуур нь хөлдчихдөг байна. Мөн биеийн тамирынхаа хичээлд зузаан өмдтэйгөө ордог гэнэ. Хэчнээн дулаалж ирлээ ч дороосоо маш их даардаг, бөөр их өвддөг тухай сурагчид ярьж байлаа. Өнгөрсөн онд бүх хүүхдүүдээс шээсний шинжилгээ авахад 85 хувь нь бөөрний өрөвсөлтэй гэж гарсан гэх. Гаднаас ажиллахаар ирсэн багш нар хүйтэн орчинд ажиллахаас зүрхшээгээд жил ч бололгүй явдаг тухай багш нар мөн ярьж байв.
Тус сумын ЕБС 881 хүүхэдтэй. Үүний 576 нь 2017 онд барагдсан энэ шинэ хичээлийн байрандаа хичээллэдэг. Харин үлдсэн нь буюу 1-4 ангийнхан 1971 онд баригдсан дүнзэн бага сургуульдаа хичээлэлдэг гэнэ. Дулаан анги танхимд суралцах мөрөөдөлтэй болсон сурагчид ярьж байна. Сургуулийн захирал М.Эрдэнэчулуун Боловсролын сайд П.Наранбаяр болон хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг ирж нөхцөл байдалтай танилцан, нэг өдрийн хичээлд ч болов сууж үзээд, энэ асуудлыг даруй шийдэж өгөөч гэж хүслээ.






