
АНУ-ын Хууль зүйн яам бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсантай холбоотой 3 сая хуудас, 180 мянган гэрэл зураг, 2000 видео бичлэг бүхий файлуудыг ил болгоод байгаа билээ.
Тэдгээр олон сая файлуудаас Ж.Эпштейны эрүүл мэндийн байдалд хийсэн үнэлэлт дүгнэлт, үхлийнх нь тухай баримтууд, Ж.Эпштейнд насанд хүрээгүй охидыг олж өгдөг байсан Гислэйн Максвеллын хэргийн материалуудыг олж уншиж болох аж.
Түүнчлэн ил болсон материалуудад Ж.Эпштейны төрийн өндөр албан тушаалтнууд, олны алдартай хүмүүстэй мэйлээр харилцаж байсан баримтууд ч багтсан байна. Түүний Их Британийн ханхүү асан Эдвард, тэрбумтан Ричард Брансон, Словакийн Ерөнхий сайд асан Мирослав Лайчак зэрэг хүмүүстэй харилцсан имэйлүүдээс гадна цагтаа Ж.Эпштейны найз байсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэр ил болсон файлуудад олон зуун удаа дурдагдсан байгааг харж болох аж.
Д.Трампын хувьд Ж.Эпштейны насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг, хүчирхийлдэг байсан тухай огт мэддэггүй байсан хэмээн мэдэгдээд байгаа билээ.
АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны сайтад нийтлэгдсэн Ж.Эпштейны баримтууд дундаас Mongolia гэсэн хайлт хийхэд нийт 895 файл гарч ирж байна.
Тэдгээр файлуудад Монголын эдийн засгийн нөхцөл байдал, Олон Улсын Валютын сангийн Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалд өгсөн дүгнэлт, Монгол улсын засгийн газрын 2015 онд Япон улстай хийсэн түншлэлийн гэрээ, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн тухай мэдээллүүд багтсан байсан нь Ж.Эпштейн хөрөнгө оруулагчийн хувиар Монгол Улсыг багагүй сонирхож байсныг илтгэж байна.
Түүнээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Лүндэгийн Пүрэвсүрэн Ж.Эпштейнтэй нэг бус удаа имэйлээр харилцаж байсныг харж болох юм. Л.Пүрэвсүрэнгийн имэйлээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ж.Эпштейнтэй 2013 оны 9-р сард Нью Йорк хотод уулзсан тухай, Ц.Элбэгдорж Ж.Эпштейныг Монголд урьсаныг олж унших боломжтой юм. Л.Пүрэвсүрэн Ж.Эпштейнээс Монголд ирэх боломжтой өдрүүдийг хэд хэдэн удаа лавлаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гадаад айлчлалуудын хуваарийг хуваалцсан байна. Харин Ж.Эпштейны зүгээс Монгол Улс руу нисэх боломжууд, АНУ-ын иргэн Монгол руу визтэй зорчих эсэх тухай багагүй судалсан нь ч дээрх баримтуудаас харагдаж байна.
RVJ Capital нэртэй компанийн захирал Чулуунхүү Ганбат гэсэн нэрнээс Ж.Эпштейнээс Монгол улсад биткойныг нэвтрүүлэх талаар зөвлөгөө хүссэн имэйл бичиж, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл илгээсэн байна. Түүнчлэн Ж.Эпштейны найз эдийн засагч Лоуренс Хэнри Саммерс Ж.Эпштейнд илгээсэн имэйлдээ Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг түүнийг Монгол улсад урьсан тухай бичиж, Монголд очих шаардлага байгаа үгүй талаар зөвлөгөө хүссэн байгааг харж болох юм.
Түшиг компанийн захирал Г.Баттүшигийн эхнэр Энхбаатар Мөнгөнцэцэгийн нэрийн өмнөөс бичсэн имэйл ч мөн Ж.Эпштейны файлууд дотор багтжээ. Тэрээр их дэлгүүртээ албан ёсоор Ralph Lauren брэндийг борлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, уг асуудлаар ярилцаж болох зохих хүмүүстэй холбож өгөхийг хүсжээ.
ОРЧУУЛАГЧ С.ЭНХЗАЯА







Elbegdorj bol delhiin muu buhentei holbogdson chutgur . Ene nobshoos bolj Mongold onts hund gent herguud eelj daraalan garah bolloo.