
Гутал заслаа гээд муудсан зүйл байдаггүй. Харин ч энэ хүний хөл дулаахан, тухтай явж байгаа даа гэж бодохоор сэтгэлд сайхан санагддаг” хэмээн С.Очирданзан гуай ярина.
Хархорин худалдааны төвийн гүүрэн гарцанд өдөр бүр 10 гаруй гутал засварчин сууж, хүмүүсийн элэгдсэн, урагдсан гутлыг янзалж, дахин өмсөх боломжтой болгодог. Тэдний дунд 20 гаруй жил тасралтгүй гутал засаж буй нэгэн бол С.Очирданзан гуай. Өглөө бүр нэгэн хэвийн жижигхэн ширээгээ засаад, багаж хэрэгслээ эмхэлж, ажлынхаа ард сууна.
Түүнийг ориг пүүз өмссөн 17 настай залуугаас эхлээд, олон жил өмссөн годон гутлаа тэвэрсэн ахмадууд хүртэл андахгүй танина. Учир нь тэр ажлаа зүгээр нэг хийчихдэггүй. Гутал бүрийг эзнийх нь хөлд эвтэйхэн, удаан эдлэхээр, чин сэтгэлээсээ нямбайлан засдаг учраас хүмүүс “гуталд дарагддаг” хэмээн ярих нь бий.
Түүнд гутлаа зусуулж, урагдсан ул, салсан өсгийг нь шинэ мэт болгож авсан үйлчлүүлэгчид С.Очирданзан гуайг “Батны ах” гэж дотноор дуудна. Зарим нь бүр зориуд эргэж ирж, дараагийн гутлаа ч түүнд даатгадаг гэнэ.
С.Очирданзан гуай залууст хандан:
“Ажлыг битгий гол. Том, жижиг гэж ялгалгүй, хүний захисан юмыг сэтгэлээсээ, чанартай хийж өгч сурвал амьдрал чинь өөрөө аяндаа жигд сайхан явна” хэмээн захиж сууна.
Өдөржин тонгойж суун гутал засах ажил амаргүй ч тэр хэзээ ч гомдоллодоггүй. Харин ч “эр хүн хөдөлмөрөөрөө гэр бүлээ авч явж, эхнэр хүүхдээ аз жаргалтай байлгаж чадвал түүнээс илүү баяр гэж үгүй” хэмээн хэлээд инээмсэглэлээ.






