
Жавар тачигнаж, хүйтэн салхи үлээсэн нэгэн өдөр “Өрөг.mn” сурвалжлах баг Төв аймгийн Сэргэлэн сумын зүг хүлгийн жоллоо заллаа. Тус сум нь Улаанбаатар хотоос 62 км, Төв аймгийн төв Зуунмод хотоос 18 км зайд байрладаг.
Энэ нутаг руу жилээс жилд нь хур тунадас их ордог гэх. Тэр дотроо энэ жил цас нэлээд орсон. Нутгийн ихэнх хэсэг нь цасан цагаанаар битүү хучигдсан байлаа. Ээ тэр тачигнах жаврын хүйтнийг ээ…Аргагүй л “Хөшигийн хөндий”-н тачигнах жавраараа алдартай нутаг даа хэмээн малчид ярьж суулаа.

Төв аймгийн Сэргэлэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дархан гүний хошуу. Баян бүрд, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ-Уул, Авдар гэсэн 5 багийн нийт 725 өрхөд 2000 гаруй хүн амьдардаг.
Ингээд бид Сар шинийн баярт зориулсан “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн зураг авалтын өмнөхөн Сэргэлэн сумын Засаг дарга Т.Гансүхтэй уулзаж цөөн хором ярилцсанаа хүргэе. Тус сумын Засаг даргын тамгын газраас төрөөс гаргасан бодлого, шийдвэрийг бодит ажил хэрэг болгож хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг бөгөөд сумандаа ая тухтай, сайхан орчинд ажиллах, амьдрах нөхцөл бололцоог сайтар бүрдүүлж байгаа ажээ. Мөн сургуулийн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцлийг таатайгаар хангасан байв.


Т.Гансүх: Бодлогын хувьд дэд бүтэц автозамын бүтээн байгуулалтын ажилдаа илүү анхаарч байна
-Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? 2025 ондоо ямархан амжилт бүтээлээр шинэ оноо угтав?
-Сайн байна уу. Нутгийн зон олон Сэргэлэнчүүддээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье ээ. 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор манай сум 174,578 толгой мал тоолуулсан байна. Ингэснээр өмнөх оныхтой харьцуулахад 1,7%-аар буюу 11,456 толгой малаар өсжээ.
Энэ бол манай малчин ард иргэдийн маань нөр их хөдөлмөрийн үр шим, бүтээлийн үр дүн юм.
Төв аймгийн Сэргэлэн сум 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор:
- Адуу 31,040
- Үхэр 14,498
- Хонь 82,679
- Ямаа 46,308 тоолуулсан байна.
-Танай нутгаар цас нэлээд оржээ. Малчдын өвөлжилт дажгүй байна уу?
-Сая малчдаа тойроод бүтэн эргээд ирлээ. Малчид маань одоохондоо нэг их хүндэрчхээгүй, гайгүй байгаа учраас өвлийн дүндээ тун дажгүй байна.
-Сум орон нутаг хөгжиж байж гэмээнэ аймаг, өргөжээд нийслэл хот, улсын хөгжил эхлэлтэй байх учиртай. Танай хамт олон 2025 онд ямар бодлогоор ажиллаж ирсэн бэ?
-Манай Сэргэлэн сум Төв аймаг руугаа нэлээн төсөв бүрдүүлдэг. 2026 онд манай сумын хэмжээнд Төв аймаг руу 23,5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Өнгөрсөн жилийн хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол бид бүгд өөрсдөө автозамаа өөрсдийн хөрөнгөөрөө тавьж, 4км-ээр замын ажлаа урагшлуулсан.
Энэ жилийн хувьд мэдээж автозамын ажлаа урагшлуулж явуулахаар төлөвлөж байгаа. Зам дагаад хөгжил гэж ярьдагчлан сум орон нутгийн зам, дэд бүтэц сайн байж л дагаад хөгжил, дэвшилд алхам алхмаар урагшилна гэсэн үг. Иймээс бид энэ ондоо 5,5 тэрбум төгрөгөөр авто замынхаа ажлыг үргэлжлүүлэх бол орон нутгийн хөрөнгөөс 3,5 тэрбум, аймгийн санхүүжилт дэмжлэгээр 2 тэрбум төгрөгийг шийдвэрлэж байна. Ингэснээр орон нутгийн үндсэн хөрөнгөө автозамын ажил руугаа илүү чиглүүлж ажиллана.
2024 онд манай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээ бүрэн тавигдсан, нэгдсэн халаалтад орчихсон ийм сум байгаа юм.
Улсын хөгжил сумаас, аймгаас ихээхэн шалтгаалдаг учраас бид анхан шатны нэгж дээр сууж байгаа. Төрөөс гарсан бодлого шийдвэрийг биелүүлэх ёстой төрийн үйлчилгээний байгууллага.


Сэргэлэн сум дэд бүтцийн асуудлыг нь иж бүрэн шийдсэн 50 хүүхдийн ортой дотуур байрыг шинээр ашиглалтанд оруулсан
-Сэргэлэн сумын нутаг дээр Хүннү хотыг байгуулах ажил эхэлчихсэн. Үүнийг дагаад Сэргэлэн сум хэрхэн, яаж хөгжих ёстой вэ?
-Сүүлийн үед нэлээн идэвхтэй яригдаж буй Хүннү хот бол Сэргэлэн сумын маань нутаг дээр байгуулагдана. Ингэхдээ нийт 31 мянган га талбар дээр байгуулагдах ийм ажил нэлээн эрчимтэй яригдаад, ажил нь шуурхай хийгдэж байна.
За үүнийг дагаад Сэргэлэн сум яаж хөгжих ёстой вэ? Бид энэ дээр цуг, хамтдаа хөгжих ёстой гэдэг үүднээсээ төлөвлөлтөө хийгээд, төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна.
-Сумын нийт хүн амын хэд нь малчин өрх байдаг вэ?
-Манай сумын яг малчин өрх маань гэвэл 650. Олон сайхан залуучууд гэр бүлээрээ хөдөө малаа маллаад, амьдарч байна. Мөн Сэргэлэн сум цуутай хурдан хүлгүүдээрээ алдартай нутаг. Үүнийг дагаад уяачдын том суурин бий болсон. Тэднийг дагаад сумын сургуульд суралцах хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Энэ жил Төв аймгийн мөн цаашлаад улсын хэмжээнд “Боловсролыг дэмжих жил” болгохоор зарласан. Энэ хүрээнд хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчин нөхцөл, таатай байдлыг нь бүрдүүлэх гээд олон ажлуудыг хийж байна. Боловсролын салбарын хүрээнд манй сум өнгөрсөн 2025 онд өөрийн төсвийн хөрөнгөөр 50 хүүхдийн ортой дотуур байрыг барьж, бүтээж, нээн ашиглалтанд оруулсан. Энэхүү бүтээн байгуулалтыг манай аймгийн Засаг даргаар ажиллаж буй Л.Төмөрчөдөр өмнө нь Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сурагчдын дотуур байрыг ашиглалтад оруулсан. Ингэсээр хөдөө орон нутгийн хүүхдүүд дулаан, ая тухтай дотуур байраар хангагдахын зэрэгцээ зөвхөн сурч боловсрох, хичээл сурлагадаа л анхаарах болсон нь маш том түлхэц болж өгсөн.
Одоо хүүхдүүд гадаа гарч бие засах бус байран дотроо бүх инженерийн шугам сүлжээг бүгдийг нь шийдчихсэн ийм сайхан ажил болсон.


Т.Гансүх: Сэргэлэн сумандаа зорин ирж, ажиллан амьдрах хүсэлтэй иргэдийг үнэгүй орон сууцаар хангадаг
-Орон нутагт аль ч салбарт боловсон хүчний асуудал маш ихээр тулгамддаг. Гэхдээ сум, аймагтаа очиж ажиллах хамгийн чухал суурь бааз нь ая тухтай амьдрах нийгмийн баталгаа болсон орон сууцны асуудал. Яг энэ асуудал дээр танай сумаас ямар бодлогоор дэмжин ажиллаж байгаа вэ?
-Бодлогын хувьд бид төрийн албан хаагчийн 3 айлын орон сууц бариад, 2025 онд ашиглалтад оруулаад, төрийн албан хаагчид маань нүүж ороод амьдарч байна. Энэ орон сууцанд нарийн мэргэжлийн эмч юмуу, англи хэлний багш, яг ажлын байран дээр хэрэгтэй боловсон хүчнээр ажиллах иргэд ямар ч үнэ төлбөргүй амьдрах бүрэн боломжтой. Харин хэрэглээний зардлаа л өөрсдөө төлнө.
2026 онд энэхүү ажлаа бид үргэлжлүүлэн, өнгөрсөн намар 40 айлын орон сууцны ажлыг эхлүүлчихсэн.
Энэ оны хавраас зуны улирал гэхэд бүрэн ашиглалтанд оруулчихна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ орон сууцандаа төрийн албаны ажилтнуудаа хамруулахаар зорьж байна даа.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






