
Төвийн бүсийг эрчим хүчээр хангадаг ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр /2026.01.26/ хэрэглээний оргил ачааллыг өнгөрөөгөөд 21.30 цагт зогсоож, засвар үйлчилгээг эхлүүлжээ.
Долоодугаар зууханд хэд хоногийн өмнө доголдол гарсан боловч наймдугаар зууханд гэмтэл гарсан учир зогсоохгүй ажиллуулж байсан бөгөөд наймдугаар зуухыг бүрэн ажиллагаанд оруулсны дараа ээлжлэн засвар, үйлчилгээг хийж байна.
“ДЦС-4 найман зуухтай. Наймдугаар зуухыг 29 цагийн дотор зассан бол долоодугаар зуухыг зогсоон хөргөнө. Хөргөсний дараа засвар үйлчилгээ хийнэ. Үүнд 48 цаг шаардлагатай гэж тооцоолж байна. Гэхдээ аль болох цахилгаан хязгаарлахгүйг хичээх болно” гэж сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдээлсэн юм.
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.
Цахилгаан хязгаарлах цагийн хуваарьт хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан өөрчлөлт орох магадлалтай тул хэрэглэгчид та бүхнийг зайлшгүй шаардлагатай бус хэрэглээгээ хэмнэж, ТОГ-оо тохируулахыг уриалж байна.























