
“Тэмээ хүн хоёр нэгдэж байж л түрүүлдэг юм” хэмээн энгийн атлаа гүн утгатай үг хэлэх энэ эрхэм бол Баянхонгор аймгийн Шинэжинст сумын аймгийн алдарт уяач С.Отгонбавуу юм.
Тэрбээр “Тэмээн дээрээс наран ойрхон” наадмын атны уралдаанд өөрийн хөх атаа унан хурдалж, барианд түрүүлэн наадмын олныг баясгалаа. Нас дөч гарсан ч тэмээний нуруун дээрээс хурд сорьж, тэсвэр хатуужлаа харуулсан түүний уралдаан наадмын онцлох мөчүүдийн нэг байв.
“Дөч гарсан хүн тэмээ унаад уралдахаар их амьсгааддаг юм байна” хэмээн уралдааны дараа инээмсэглэн ярих нь түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг улам тодотгоно.
С.Отгонбавуугийн хөх атаа энэ жил нийт найман уралдаанд хурдалж, таван удаа айрагдан, гурав түрүүлээд буй нь уяачийн ур чадвар, тэмээний чансааг илтгэх үзүүлэлт юм. Тэмээнийхээ ааш зан, хөлс хөлдөл, тэнхээ тэвчээрийг онцгой анхаарч, уралдаан бүрд нягт бэлтгэдэг нь ийм амжилтад хүрэх үндэс болдог хэмээн нутгийнхан нь ярьдаг.
Түүний үзүүрлэж, түрүүлж буй уралдааныг үзэхээр ирсэн гаднын аялагчид, жуулчид ч догдлон зогсож, зарим нь нулимс дуслуулан харж байлаа. Монголын уламжлалт тэмээний уралдаан, хүн мал хоёрын нягт холбоо, тэсвэр хатуужлыг илтгэх энэ агшин тэдний сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээсэн нь гарцаагүй.
Ийнхүү Шинэжинст нутгийн алдарт уяач С.Отгонбавуугийн хөх ат, эзэн хоёрын нэгдэл энэ удаагийн наадмын нэгэн тод өнгө болж, монгол тэмээний уралдааны үнэ цэнийг дахин нэг харууллаа.






