
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам зохион байгуулагдсан билээ. Тус наадамд олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан зүйл бол монголын хамгийн өндөр тэмээ.

Энэхүү тэмээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын аварга малчин Хүүгээгийн Оргодолын “өндөр улаан тэмээ” бөгөөд 2000 онд найман настай байхдаа 3 метр 15 сантиметрийн өндөртэйгөөр Монголын хамгийн өндөр тэмээгээр тодорч байжээ.
Энэ жил 24 настай тэнгэрлэг энэхүү тэмээ нь 2014 оноос өнөөг хүртэл “Галбын мянган тэмээний баяр”, “Мянган ботгоны баяр”, “Нутгаа мөнхөлсөн тэмээчид”, “Галбын гурван түмэн тэмээний баяр” зэрэг уралдаанаас Сайхан-Ат төрөлд 8 удаа түрүүлж алтан медаль, 2 удаа мөнгө, 1 удаа хүрэл медаль хүртсэн буянт мал юм.








