
Их Британийн OneFamily компанийн хийсэн судалгаагаар Их Британид амьдарч буй залуусын ойролцоогоор 21 хувь нь зардлаа хэмнэхийн тулд хосын харилцаанд байхыг илүүд үздэг гэж гарчээ.
Судалгаанд оролцсон 18-40 насны 3000 залуусын 5 хүн тутмын 1 нь амьжиргааны зардлаа хэмнэхийн тулд хосын харилцаанд байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
OneFamily компанийн Ерөнхий захирал Жим Ислам уг статистикт цочирдсоноо илэрхийлж, “Ганцаараа бүх зардлаа нөхөж амьдрахад өртөг хэтэрхий өндөр байгаа тул олон тооны залуус хосын харилцаанд аз жаргалгүй байгаа ч уг харилцаагаа тасалж чадахгүй амьдарсаар байна.” хэмээн ярьжээ.
Судалгааны явцад хосын харилцаанд байгаа залуустай харьцуулахад ганц бие залуусын дийлэнх нь ямар нэг гэнэтийн, урьдчилж таамаглахын аргагүй нөхцөл байдалд санхүүгийн хувьд бэлэн биш байдаг нь тогтоогджээ.
Түүнчлэн судалгаанд оролцсон нийт залуусын 29 хувь нь, хосын харилцаанд байгаа залуусын 16 хувь нь ямар ч хадгаламж, хуримтлалгүй байжээ.
Мөн ганц бие залуусын хувьд сард ойролцоогоор 301 фунт стерлинг хадгалах боломжтой байдаг бол хосын харилцаанд байгаа залуус 2 дахин их хэмжээний мөнгө хуримтлуулж чаддаг байна.
Шинжээчид дээрх судалгааны үр дүн ганц бие залууст өдөр тутмын зардлаа нөхөх явцдаа тулгардаг санхүүгийн дарамт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн болохыг харуулж байгааг онцолжээ.






