
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадмыг энэ сарын 24, 25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ц.Мөнхбат, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар, Ж.Батжаргал болон 23 элчин сайд, төлөөлөгч, өвлийн их наадамд оролцож буй аймгуудын удирдлагууд, Монголын Тэмээн поло, спорт уралдааны аяллын холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Тэмээн соёл уралдааны холбоо ТББ-ын тэргүүн Б.Батбаяр нар оролцов. Мөн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, ЗХЖШ-ын Үлгэр жишээ найрал хөгжим, Үндэсний урлагийн их театрын дуучид, хөөмийчид, Говийн бүсийн аймгуудын театр, чуулгын уран бүтээлчид болон Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид оролцож, уран бүтээлийнхээ дээжсээс толилуулсан юм.
Өвлийн их наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар үг хэлж, оролцогчдод баяр хүргэлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүрийн нэгдүгээр сарын 24-ийг “Монгол тэмээний өдөр” болгон тэмдэглэж байх тухай тунхаглан зарлав.

Тэмээний наадамд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Төв, Орхон, Дархан, Булган, Ховд, Увс зэрэг 16 аймгаас 1000 гаруй хүн, 700 орчим тэмээтэй оролцож байна.
Энэ жилийн наадам нь Монгол уламжлал, соёлыг хамгаалан хадгалах, тэмээний аж ахуйг сурталчлан хөгжүүлэх, өв уламжлалт соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд улсын хэмжээнд өргөн дэлгэр зохион байгуулж буйгаараа онцлог юм. Ийнхүү Монголын ард түмний өв соёлын нэгэн чухал уламжлал болон төлөвшиж байна.
Эх сурвалж: Дундговь аймгийн засаг даргын тамгын газар
















