
Монголчууд Цагаан сараа ахмад буурлаа хүндэтгэх, эв нэгдлээ бататгах, уламжлалаа өвлүүлэх баяр хэмээн тодорхойлдог. Гэвч өнөөдөр энэ баяр ахмадуудын хувьд өр зээл, санхүүгийн дарамтын эх үүсвэр болж хувирсныг бид үл анзаарах мэт өнгөрдөг.
Жил бүрийн сар шинийн өмнө арилжааны банкуудын тэтгэврийн зээлийн ачаалал огцом өсдөг.
Өөрөөр хэлбэл, олон мянган ахмад Цагаан сараа тэмдэглэхийн тулд зээл авч байна гэсэн үг. Энэ бол баяр ёслолын үзэгдэл биш нийгмийн эмзэг асуудал.
Банк, санхүүгийн салбарын судалгаагаар 165 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байна. Энэ нь нийт тэтгэвэр авагчдын ойролцоогоор 30 гаруй хувийг эзэлдэг. Тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл 100 тэрбум төгрөгийг давсан байна.
Баяр 3 хоног болдог ч өр 2 жил үлдэнэ
Нэг ахмад дунджаар 1–3 сая төгрөгийн тэтгэврийн зээл авч, 12–24 сарын хугацаанд тэтгэврийнхээ 50–70 хувийг шууд суутгуулдаг. Амьжиргаанд үлдэх мөнгө 300–400 мянга.
Үр дүнд нь баяр дуусмагц, өр эхэлнэ, амьжиргаа шахагдана. Эрүүл мэнд, хоол хүнс, эм тариа хоёрдугаарт орж, гурван өдрийн нүсэр золголт хоёр жилийн дарамтаар солигдож байна.
Өнөөдөр дундаж тэтгэвэр 780–800 мянган төгрөг. Харин Цагаан сарын дундаж зардал 1.8–2.6 сая төгрөг.
Энэ бол зөвхөн санхүүгийн асуудал биш, ёс суртахууны, нийгмийн хариуцлагын асуудал юм.
– “Олон таваг засаарай”
– “Гарын бэлгээ мартав”
– “Ичмээр юм хийхгүй”
– “Хүнээс дутахгүй баярлаарай” гэсэн нийгмийн бичигдээгүй шаардлага.
Өөрөөр хэлбэл, бид:
Ахмадуудыг хүндэтгэж байна гэж ярьсаар, бодитоор нь өрөнд унагаж байна.
Цагаан сарын жинхэнэ утга бол элбэг дэлбэг ширээ биш, үнэтэй бэлэг ч биш, их мөнгө зарцуулах биш юм. Харин ахмад буурлаа эргэх, сайхан үг хэлэх, амар амгаланг хүсэх, эв нэгдлээ бататгах билээ.
Гэтэл өнөөдөр Цагаан сар ширээ засалтын уралдаан, бэлэгний тоо, хэмжээний өрсөлдөөн, өр тавьж баярладаг ёс болон хувирчээ.
Энэ бол нийгмийн хямралын шинж
Ахмадууд баярын төлөө зээл авна гэдэг нь тэтгэврийн хнд нь амьжиргаанд хүрэлцэхгүй, инфляц өндөр, нийгмийн хамгаалал сул, хэрэглээний дарамт хэт их
байгаагийн тод илрэл.
Гэвч бид шалтгааныг нь ярилцахын оронд “заншил” нэрийн дор энэ дарамтыг хүлээн зөвшөөрсөөр байна.
Энэ жилээс л бид өөрчлөх ёстой.
1. Цомхон тэмдэглэх соёлыг хэвшүүлэх
2. Бэлэг бус хүндэтгэлийг чухалчлах
3. Ахмадуудыг зээлд оруулахгүй нийгмийн ойлголт бүрдүүлэх
4. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн хариуцлагатай хэрэглээ
Бид ёсыг биш, хэтрүүлгийг өвлүүлж байна
Хэрэв ахмадууд өр тавьж байж Цагаан сар тэмдэглэж байвал энэ баяр утгаа алдсан гэсэн үг.
Харин энэ жилийн цагаан сараар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, зээл авч биш, зүрх сэтгэлээрээ байх хандлагыг хэвшүүлцгээе.






