
Яруу найрагч Р.Нэргүй Дархад ястныхаа дээл, хувцсыг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Тэрбээр энэ үеэрээ “Би өнгөрсөн долоодугаар сард Болгар Монголын хамтарсан эрдэмтдийн багтай Монгол орноо тойрон аялсан юм. Аяллынхаа төгсгөлд бид Монголын Үндэсний музейд зочилсон юм. Тэд “Танай Дархад ястны дээл хаана байна” гэж намайг шалсан л даа. Би энэ музейгээс олоогүй. 1960-аад оны үед угсаатны зүйч С.Бадамхатан нэг эрэгтэй дээлийг музейд хүлээлгэж өгсөн байдаг юм билээ. Тэгээд л би музейн удирдлагуудтай уулзаж, холбоо тогтоогоод Дархадынхаа иж бүрэн дээл, хувцсыг оёулаад ийнхүү өнөөдөр /2026.01.21/ авчирч өгч байгаа нь энэ.
Нэгт түүхээ судалж, хоёрт жуулчид төдийгүй хойч үе маань үзэж сонирхоосой, өөрсдийн хувцас хэрэглэл, соёлын онцлогоо таниулаасай гэсний үндсэн дээр ажил хэрэг болголоо. Хөвсгөлийн Улаан-уул сумаас бөх их төрдөг. Дархадын хотгорын үүд сахидаг хүмүүс гэж бэлгэддэг. Тэр ч утгаараа Улаан-уул сумынхан гутлыг нь хариуцаж хийлгэсэн. Дархад зон маань хониныхоо арьсаар шормон гэдэг гутал хийдэг. 1000 км-ийн цаанаас зорьж ирсэн гутал байна.
Харин Баянзүрх сумынхан маань малгай, бүс хоёрыг, манай Рэнчинлхүмбэ сумынхан Дархад дээлээ урлаж, хүлээлгэж өгч байгаа юм. Хамтран ажил хэрэг болгосон Улаан-Уул сумын Засаг дарга Б.Батцэнгэл, Баянзүрх сумын Иргэдийн хурлын дарга Э.Эрдэнэбилэг нарт талархал илэрхийлье” хэмээв.
Музейн сан хөмрөгт хандивлаж байгаа дархад хувцсыг МУГЖ, дархад ардын дууч Б.Дариймаа урласан байна.
Тэрбээр “Би Дархад дуугаа 50 жил дуулж явна. Дуулдаг хүн чинь Дархад хувцсаа судална, өмсдөг. 2005 онд хийж, 20 жил дуулахдаа өмссөн Дархад дээлээ дахин оёж, музейд хадгалуулж байна. Дархад соёлын маань өчүүхэн хэсэг ийнхүү улсын музейд хадгалагдан үлдэж байгаад би маш их баяртай байна” гэлээ.
Харин Монголын Үндэсний музейн Захирал Д.Отгонсүрэн “Манай музейд угсаатны бүлгийн 20 гаруй дээл хувцас, эдлэл хэрэглэл хадгалагдаж байдаг. Тэр дундаа Дархад дээл хувцас байдаг хэдий ч иж бүрдэл дутуу. Өнөөдөр эмэгтэй дээл, гутал, малгай, бүс, мөн хүүхдийн дээл, малгай, гутал, бүсийг Хөвсгөл аймгийн иргэд авчирч өглөө. Манай сан хөмрөгийг баяжуулж буйд баяртай байна” гэсэн юм.






