
Хятадын Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр 2025 онд тус улсад 1000 хүн тутамд 5.63 төрөлт бүртгэгдэж, түүхэн доод рекордыг тогтоожээ. Өмнө нь 2023 онд 1000 хүн тутамд 6.39 төрөлт бүртгэгдэж, рекорд тогтоож байжээ. 2025 онд БНХАУ-д 7.92 сая хүүхэд мэндэлсэн ч 11.31 сая хүн нас барснаар тус улсын хүн амын тоо 3.39 саяар буурсан байна. Хүн амынхаа тоогоор Энэтхэг улсын араас бичигдэж буй 1.4 тэрбум хүн амтай Хятадын хүн ам ийнхүү 4 жил дараалан буурчээ.
Хөдөлмөрийн насны иргэдийн тоо буурч, тэтгэврийн насны иргэдийнх нь тоо жил ирэх тусам нэмэгдэж буй тул тус улсын эрх баригчид 2016 онд “нэг хүүхэд” бодлогыг халж, гэр бүлүүдэд 3 хүртэлх тооны хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч хүүхэд тээж, өсгөх зардал тасралтгүй нэмэгдэж, орчин үеийн залуусын гэр бүлийг харах өнцөг өөрчлөгдсөнөөр Хятад, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад иргэд гэр бүл болж, хүүхэд төрүүлэхээс зайлсхийх хандлага нэмэгдээд байгаа билээ.
2025 оны статистикаар Хятадын хүн амын 23 хувийг 60-аас дээш насныхан эзэлж, өмнөх оныхоос 1 хувиар нэмэгдсэн байна. НҮБ-ын тооцоолсноор 2100 он гэхэд тус улсын хүн амын 50 хувийг 60-аас дээш насныхан эзлэх аж. Хятадын төв удирдлага өнгөрсөн онд 3-аас доош насны хүүхдүүдэд жил бүр мөнгөн тэтгэмж олгохоор болсон бол орон нутгийн удирдлагууд татварын хөнгөлөлт үзүүлэх, орон сууц худалдан авах, түрээслэхэд санхүүгийн хөнгөлөлт урамшуулал үзүүлэх, мөнгөн тэтгэмж олгох, амаржсаны амралтын хугацааг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.






