
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринланд руу цэргүүдээ илгээсэн орнуудын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг нэмэгдүүлнэ гэсэн сүрдүүлгийг Европын удирдагчид байж боломгүй, зохисгүй үйлдэл хэмээн эрс шүүмжилжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц улсад ямар ч сүрдүүлэг заналхийлэл нөлөөлөхгүй гэдгийг онцолж, Парис Данийн Вант улсын Гринландад зохион байгуулж буй цэргийн хээрийн сургуулилтад цэргүүдээ илгээх шийдвэр гаргасанд гаалийн импортын татварыг нэмнэ гэж сүрдүүлэх нь зохисгүй хэмээн мэдэгджээ.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдлыг хамгаалахын тулд улс орнууд нэгдсэний төлөө Вашингтон гаалийн импортын татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байгаа нь буруу хэмээн, уг асуудлаар АНУ-ын засаг захиргаатай ярилцана гэжээ. ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц Берлин Данийн Вант улсын эзэмшлийн Гринланд арлын аюулгүй байдлыг хангаж, илүү сайн хамгаалах ёстой гэдэг дээр Вашингтонтой санал нэг байгаа гэдгийг онцолж, НАТО-гийн орнууд уг асуудал дээр нэгдсэн нэг шийдэлд хүрч чадна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Түүнчлэн Данийн Гадаад харилцааны сайд Ларс Лекке Расмуссен Гринландад алба хааж буй цэргүүдийн тоог нэмэгдүүлж байгаа нь Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг дурджээ.
Европын холбооны орнуудын төлөөлөгчид Д.Трампын хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор Кипр улсад шуурхай хурал зарлаад байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүний Гринландыг хяналтдаа авах төлөвлөгөөг эсэргүүцсэн Данийн Вант улс болон Их Британи, Франц, ХБНГУ, Норвег, Швед, Нидерланд, Финлянд зэрэг европын 7 улсын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг ирэх сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ.
Түүний хэлснээр АНУ Гринландыг бүрэн хяналтдаа авч, эзэмших гэрээ хийгдэх хүртэл эдгээр улс орнуудын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг 25 хувь хүртэл нэмэх аж.






