
Уйтай, уйлмаар өдрүүдийн ард уусан гунигаа тургих минь таатай. Улаанбаатар, уулзсан
хүмүүсийнхээ дунд ганцаардан буй хэн бүхэнд энэхүү нийтлэлийг зориулъя?
Энэ удаа бид ганц бие уншигчдадаа зориулж, гуниг, ганцаардлыг мэдрүүлэх долоон шүлэг бэлдлээ.
Ц.Доржсэмбэ
Амьдралд минь ойрхон байгаад
Холдон одсон халуун гар, халуун гар
Энэ л гарын энхрий сайхнаар би
Эцэсгүй харанхуйг ч сөхөж чадна
Мөрөөдөхөд
Мөнхийн юм
Гар сунгах зайтай болно
***********************************************
Юутай энхрийхэн минь
Дахиж хэзээ ч уулзахгүй бүсгүй минь
Даль жигүүрээ би
Бэртээгч бүхний зөнд бэлэглэсэн
Бушуухан чамдаа очих
Далавч минь одоо дэлгэгдэхгүй
Үй түмэн солонгын дотроос
Үнэмшиж дурласан солонго минь
Дахиж өөрт чинь нэвтрэхээр
Өнгөлөг туяанд чинь алдрахаар
Даль жигүүр минь нисэхгүй
Далангийн намагт унаад
Дасч эхэлсээн, тэндээ
Намгийн амьсгалаар амьсгалдж
Нам доорт аж төрөхөд
Хацрын чинь туяа
Хаана ч үнэгүй илбэ байсан санагдана.
************************************************
Сарыг харж бичсэн
Солиотой хэдэн шүлгэндээ
Ганцаардлын тухай үгүүлдэг, би
Ганцаардахын эрхээр солиорсныг
Ганцхан шүлгүүд минь нотолдог
Олон хүнтэй газар
Удаан байж чаддаггүй би
Орчлонд нандин нэг л зүйлээ
Алдчих юм шиг санагдаад
Аль болох ганцаараа байх дуртай би
Ганцаардахын эрхээр солиорох өвчний
Хам шинж ингэж илэрдэг
Солиотой хэдэн шүлгийн минь бичигдэх
Сонгодог шалтгаан энэ болдог.
************************************************
Оёдолчны дууль
Аз жаргалыг би
Өмсөх хувцас адил
Өөртөө тааруулан урлахыг хүсдэг ч
Ур дутуу оёдолчин би
Өөртөө хэзээ ч тохируулж чаддаггүй
Өмсөөд үзэхэд багадсан байдаг
Ханзлан задлаад дахиад л оёдог ч
Урьдынхаасаа ч бүр богинодуулсан байдаг
Орчлонгийн бүх жаргал цэнгэлээс
Оногдсон хэмжээ нь ийм хойно
Ур дутуу гэж өөрийнгөө голохоо байя
Уйтгар гунигаас жаахан зүйдэл оруулъя даа.
*************************************
Баруун гар нь
Бороо болном
Зүүн гар нь
Цас болном
Хөлөөс нь
Хөндий тал үргэлжлэнэм
Хөндий талаар
Цас бороог
Цайруулан асгаж
Ай нутгийн минь савдаг|
Алхдаг гэдэгт
Анхнаасаа итгэсэн би
Анхнаасаа…
*******************************************
Энэ хотын асуудал
Энэ хотын асуудал нь
Яруу найрагчаасаа олон баячуудтай
Энэ хотын асуудал нь
Яруу найрагчаасаа олон гуйлгачинтай
Газрын тааллыг хэтрүүлсэн хүн баяждаг
Тэнгэрийн таалалд нийцээгүй хүн гуйлгачилдаг
Тэнгэрт тэмүүлж яваа бидний яруу найраг
Тэнгэрээс холдож яваа тэдэнд хүртээлгүй ээ.
Энэ хотын асуудал нь
Яруу найрагчаасаа олон яруу найрагтай
Энэ хотын асуудал нь
Яруу найрагчаасаа олон хэвлэх үйлдвэртэй
Авъяасгүй зарим нь номонцороо
Тэрэг тэргээр нь хэвлүүлж
Алга ташилтан дор
Тайз тайзаараа эгнэж байхад
Тэнгэрт тэмүүлж яваа бидний яруу найраг
Тэнгэрээс холдож яваа тэдэнд хүртээлгүй ээ.
**********************************************
Хэд дэх бороо
Байшин доторлох шавар юм би
Доторлосон байшиндаа басхүү
Дуулж гунин аж төрөх
Буйд суурингаас гаралтай хархүү юм би
Даацийн хана юм би
Даацийн ханаа дагасан бусад хана юм би
Орцны цахилгаан шат юм би
Орцны цахилгаан шатаар
Орж гарсан хүмүүсийн
Олон дуу хоолой юм би
Олон дуу хоолойг
Загас шиг дуугүй агуулагч юм би
Дэлхийн дулаарлын үеийн хүн юм би
Дэлхий шиг халуун юм би
Өгөөш үмхэх загас юм би
Будаг хүзүүндээ зүүгч юм би
Бусдын нүглийг үл тоогч юм би
Бурханд тэднийг даатгагч юм би
Бухимдахаараа материалист юм би
Хэд дэх бороо юм би
Хэд дэх үүл юм би
Хүүхнүүд гоо сайхны салон
Үнэт эрдэнэсийн дэлгүүрээс
Хүүхдүүд зоопарк, амттаны мухлагаас
Алив нэгэн газрыг олохдоо
Баримжаагаараа болгодог шиг
Алтан чиг найргийн мөрүүдээс л
Ертөнцийн баримжааг ологч юм би
Ер бусын биш
Ер бус найрагч юм би.
Г.Аюурзана – Хайрлах хүнгүйдэж
Даанч эрт би амьдралыг таньсан
Дахиад урагш алхах ганцхан зай бий
Энэ бол бүсгүй хүн!
Дэндүү эрт би сониуч нүдээ аньсан
Дэлхий тэмтрэх ганцхан зам үлдсэн
Тэр бол бүсгүй хүн! Хичнээн шунгаад ч ёроолд хүрэхгүй
Хэзээ ч ёроолд нь хүрэх гэж шунгахгүй цүнхэл хүн
Бүрлэн сартай арваадхан насанд минь
Бүртийж ургаад гэнэдсэн
Торон цагаан гивлүүр цаанаас цоргиход нь
Тохойг нь надаас өөр хүн түшсэн
Бүсгүй хүн!


Ц.Дэлгэрмаа – Бороо далимдуулж зөндөө уйлсан
Хамгийн сүүлд чамтай
Харц тулгарсан минь
Хаа ч билээ…
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн
Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л…
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан…
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л…
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий…
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл…
Б.Эрдэнэсолонго
…Долоо хэмжиж, долоо огтолсоор
Дотроосоо эхэлж цайх нь дээ.
За яахав, залуу байна
Ахиад хэд ч огтлох амьдрал байна.
……………………………
Сэтгэл минь
Өндрөөс унаж
Хад мөргөсөн
Өрөвчхөн минь
Сэрээрэй!
Цөхөрч болно,
Гомдож болно
Үхэж л болохгүй!


Ц.Доржсэмбэ – Шүлэг бол доо, ганцаардал минь
Ганцаардал минь
Шувууд нисчихсэн үүрнээс олдсон
Ганц цагаан өд минь
Чамд би бэх дусаагаад
Шүлгийнхээ дэвтрийн
Бичигдээгүй хуудсуудын
Завсарт нь хавчуулж хадгаллаа
Шувуу болохгүй хойно
Шүлэг бол доо
Ганцаардал минь…


До.Болдхуяг – Эгчмэдхэн
Үртэй ханьтай тэр бүсгүйн сэтгэл яасан гоёмсог
Үгүйлсээр явааг минь мэдээ болов уу яагаа бол
Үйлийн үргүй нүдний нь өдөн сормуус дэрвэх шиг
Үүлэн зүг тогорууд нисэн одох нь эрхэмсэг
Олоон эгч бүсгүйн зүс яасан гоёмсог
Одоо хэрнээ зүүдэлдгийг минь мэдээ болов уу яагаа бол
Огтоос гуниггүй түүний билгүүн хөмсөг атирах шиг
Огторгуйн жимээр хөвөх хоёрны саран ихэмсэг
Шал хэрэггүй юм асуусаар очих тоолонд минь
Шар дурдан гунигийг ороож өгдөг эгчмэдхэн
Мөрөөдөмхий харцны минь итгэлийн зулыг жаргааж
Мөнгөн савх шиг хуруу нь хуримын бэлзэгт сүвлээстэй
Цаг хугацаа зүүд дамнан одовч
Царайных нь сайхныг мартаж үл чаднам
Торгоны хээ шиг эвлэхгүй заяа төөрөгтөө гоморхож
Томоогүй насны зангаар үе үехэн балганам
Очоод уулзахын эрхгүй гэж голоо тасартал харуусах
Олон намрын бороо уруулыг чинь норгож оржээ
Он жилүүд хэн хэний минь судсаар урсаж
Одоо та улам чиг намбалагхан болоо доо
Харцаараа бичсэн захидлыг өхөөрдөж уншдаг
Хайраа боосон чихрийг халаасандаа мартдаг
Харцуулын зүрхэнд галаар дүрэлзсэн шүлэг
Хамгийн сайхан бүсгүй эгчмэд төрдөг юм даа
П.Бадрал
Намайг ойлгодог ганц л хүн байвал
Нарт орчлонг би диваажин гэж дуулъя.


Г.Сүхзориг – Цаг хугацаа
Чиний л өмнө би
Онош нь тодорхойгүй
Сэтгэцийн өвчтөн мэт зогсож
Чиний л шалгуураар би
Худлын өмнө гарцаагүй
Үнэнг сонгино мэт хальсалж
Нялхсын нүд мэт тогтворгүй харцаар
Ханан дээрх жаазтай уран зургийг
халаасны хулгайч мэт нэгжинэ…
Энд чи алга,
Үнэр чинь ч алга.
Аниргүй.


Л.Өлзийтөгс – Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
„ Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.
(16).jpg)
Б.Батрэгзэдмаа – Дотно царай
Нэгэн дотно царай
Намайг өөртөө татна
Ямар тэнгэрийг
Ямар цэцгийг санагдуулна вэ
Би чамтай таарч байсан мэт…
Урьд төрөлдөө юу эсвэл
Унтсан хойно үзэгддэг тэр дүр төрх үү…эсвэл
Төрөл садан минь төөрсөөр явна уу
Ямар бороо нарийн ширхэгтэй байлаа
Ямар салхийг санагдуулна вэ…
Бурханы нүүрний гэрэл шиг
Би хуруугаа хүргэмээр байна
Бусдаас содон чиний
Би юу вэ….
Ирээдүйд намайг аврах авралын
Энгийн нэгэн тэмдэг үү…
Дотно царайг үзэх нүд цавчлахад
Даруй энэ мөч давхар сарнина….








