
2025 онд хувьцааны үнэ нь 3 дахин нэмэгдсэн AI компаниуд
Хиймэл оюун ухааны бүүм болж байгаатай холбоотойгоор хиймэл оюун ухаанд ашиглагдах өндөр хүчин чадал бүхий чип үйлдвэрлэгч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй Nvidia компанийн хувьцааны үнийн өсөлтийг давсан хиймэл оюун ухааны дэд бүтцийн 4 компанийг CNBC суваг онцолжээ.
Хиймэл оюун ухааны дэд бүтэц тэр дундаа дата төвүүдийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр шилэн кабелийн эд ангийг үйлдвэрлэгч Америкийн Lumentum компанийн хувьцааны үнэ энэ онд 372 хувиар өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ 28 тэрбум ам.долларт хүрчээ.
Шинжээчид 2026 оны санхүүгийн жилд тус компанийн орлого 58 хувиар, 2027 онд 32 хувиар, 2028 онд 15 хувиар тус тус өснө гэсэн хүлээлттэй байгаа аж.
Хард драйв үйлдвэрлэгч Western Digital, Seagate компаниудын хувьцааны үнэ энэ онд 284 болон 285 хувиар өссөн бол хагас дамжуулагч үйлдвэрлэгч Micron Technology компанийн хувьцааны үнэ 228 хувиар өссөн зэрэг нь хиймэл оюун ухааны компаниудад дата төвүүд, өндөр хүчин чадал бүхий процессоруудын эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна.
Дата болон дата дамжуулах урсгалыг зохицуулдаг төхөөрөмж үйлдвэрлэдэг Канадын Celestica компанийн хувьцааны үнэ 230 гаруй хувиар нэмэгджээ. AI аппликейшнүүдэд хэрэглэгддэг ASICs схемийн эрэлт нэмэгдсэн нь Celestica компанийн үнэлгээ өсөхөд эергээр нөлөөлсөн аж.






