
Владимир Меньшовын “Москва нулимсанд дургүй” уран сайхны киноны Екатерина Тихомировагийн дүрээрээ олонд танигдсан ОХУ-ын жүжигчин Вера Алентова өнгөрсөн пүрэв гарагт 84 насандаа таалал төгсжээ.
В.Алентова зөвлөлтийн болон оросын олон арван уран сайхны кино, цувралд тоглосон ч хүмүүс түүнийг нөхрийнх нь найруулсан “Москва нулимсанд дургүй” уран сайхны киноны дүрээр илүүтэйгээр таньдаг.
Хүсэл мөрөөдлөө тээн том хотод ирсэн 3 найз бүсгүйн жаргал зовлонг өгүүлэх “Москва нулимсанд дургүй” уран сайхны кино 1979 оны сүүлээр нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж, 1981 онд Америкийн Кино Академийн шагнал гардуулах ёслолоос Гадаад хэл дээрх Шилдэг уран сайхны кино шагналыг хүртсэн билээ. В.Алентова, найруулагч Владимир Меньшовтой 1963 онд гэрлэсэн ба тэд 1969 онд охинтой болсон юм.
Охин Юлия Меньшова нь мөн л жүжигчин мэргэжлийг сонгожээ. В.Алентова Москва дахь Пушкины нэрэмжит театрт 60 гаруй жил ажилласан ба 2022 онд тус театр В.Алентовагийн 80 насны ойд зориулж “Мадам Рубинштейн” жүжгийг тайзнаа тавьжээ. Түүний нөхөр В.Меньшов 2021 онд 81 насандаа өөд болсон билээ.






