
1989 онд Бээжин хотын Тяньаньмэний талбайд болсон жагсаал цуглааны үеэр цэргүүдээ Тяньаньмэний талбай руу оруулж, жагсагчдыг хүч хэрэглэн тараах тушаалыг биелүүлэхээс татгалзсан БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн генерал Сю Чинсяний шүүх хурлын бичлэг YouTube платформд сарын өмнө тавигдаж, 1.2 сая гаруй үзэлттэй болжээ.
Генерал Сю Чинсянь Бээжин хотын захад байрлах Ардын Чөлөөлөх армийн нэр хүндтэй 38-р дивизийн цэргүүдээ нийслэл Бээжин рүү оруулахаас татгалзсан тухай яриа Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын адил олон 10 жилийн турш домог мэт яригдаж иржээ.
Генерал Сю Чинсяний 1990 онд цэргийн шүүхээр орж буй 6 цагийн бичлэг нь Хятадын зэвсэгт хүчний удирдлагууд дунд Хятадын эрх баригчдын тушаалыг эсэргүүцэх цөөн тооны хүмүүс байсан болохыг илтгэх ба Сю Чинсянь “нүүгэл үйлдсэн” хүн гэж түүхэнд тэмдэглэгдэж үлдмээргүй байсан учир дээрээс ирсэн тушаалыг биелүүлэхээс татгалзсан хэмээн шүүх хурлын үеэр мэдэгдэж байгааг YouTube-д тавигдсан бичлэгээс сонсож болох аж.
Тяньаньмэний талбайд болсон жагсаалд оролцож байсан түүхч Вү Ренхуа уг бичлэгийг анх цахим орчинд нийтэлсэн хүмүүсийн нэг бөгөөд тэрээр уг бичлэгийн эх сурвалжийг илчлэхгүй гэсэн амлалт өгсөн аж. 1989 онд Тяньаньмэний талбайд болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаал цуглааныг 6-р сарын 4-ний шөнө Хятадын Ардын Чөлөөлөх армийн цэргүүд хүч хэрэглэн дарсан ба үүний үр дүнд олон зуун хүн амь үрэгдсэн гэгддэг билээ.
Хятадад уг үйл явдлын тухай ярьж, бичихийг хориглодог, уг үйл явдалтай холбоотой мэдээ мэдээлэл нууц байдаг билээ. Жагсаал цуглаан анх эхэлж байхад Сю Чинсянь генерал эмнэлэг хэвтэн эмчлүүлж байсан аж.
Гэтэл 5-р сарын 18-нд Сю Чинсяньд дивизийнхээ 15 000 цэргүүдийг Бээжин хот руу оруулж, цэргийн дэглэм тогтоох тушаал ирсэн аж. Уг тушаалыг сонссон Сю Чинсянь удирдлагууддаа, “Би энэ тал дээр өөр бодолтой байна. Олон тооны хүмүүсийг хамарсан улс төрийн асуудлыг улс төрийн арга замаар шийдвэрлэх ёстой.” гэж хэлээд, цэргийн дэглэм тогтоох явдал бүтэлгүйтвэл тус дэглэмийг тогтоохыг үүрэг болгосон цэргийн командлагч нь түүхэнд нүгэлтэн болж үлдэнэ хэмээн, тушаалыг биелүүлэхээс татгалзжээ.
Цэргийн шүүхийн шийдвэрээр Сю Чинсянийг Хятадын Коммунист намаас хөөж, 5жилийн хорих ял оноосон ба тэрээр үлдсэн амьдралаа цөллөгт өнгөрүүлж, 2021 онд 85 насандаа өөд болжээ.






