
Францын Ерөнхийлөгчийн Парис дахь албан ёсны өргөө Елисейн ордны гал тогооноос мөнгөн болон шаазан эдлэлүүд хулгайлж, цахим орчинд зарахыг оролдсон хэргээр цагдаа нар 3 хүнийг баривчилжээ.
Елисейн ордны нярав ордны зарим мөнгөн болон шаазан эдлэлүүд алга болсныг анх тогтоож, хууль сахиулагчдад ханджээ. Зарим нь үндэсний өвд тооцогдох хулгайлагдсан эдлэлүүд нь ойролцоогоор 40 мянган ам.долларын үнэд хүрэх аж.
Хулгайд алдсан эдлэлүүдийн дийлэнх нь Парисын Sèrves Manufactory шаазан эдлэлийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн эд зүйлс бөгөөд үйлдвэрийн ажилчид хулгайлагдсан эдлэлүүдийн заримыг цахим дуудлага худалдааны сайтуудад тавигдсан байгааг олж илрүүлжээ.
Хулгайн хэргийг үйлдсэн этгээд нь Францын ерөнхийлөгчийн бусад орны хаад хатад болон төрийн дээд албан тушаалтнуудтай зоог барих үед ширээн дээр тавигддаг мөнгөн болон шаазан эдлэлүүдийг арчлах, хадгалах ажлыг хариуцдаг байсан ба цагдаа нар түүнийг дахин хулгай хийхээр төлөвлөж байсныг нь хөтөлж байсан бүртгэлээс нь олж тогтоожээ.
Цагдаа нар сэжигтний гэр, тээврийн хэрэгсэл, шүүгээ зэргээс хулгайд алдагдсан шаазан баримал, оргилуун дарсны хундага, хоолны зэс сав суулга зэрэг 100 орчим эдлэлийг олж, Елисейн ордонд эргүүлэн өгчээ.
Сүүлийн саруудад Францын хэд хэдэн байгууллагад хулгайд өртөөд байгаа ба өнгөрсөн 9-р сард Парисын Байгалийн түүхийн музей, Лимож хот дахь Шаазан эдлэлийн музейд хулгай гарч, дээрэмчид 1.5 сая еврогийн үнэд хүрэх 6 ширхэг цул алт, 6.55 сая еврогийн үнэд хүрэх Хятад шаазан ваар хулгайлсан бол 10-р сард дээрэмчид 10 хүрэхгүй минутын дотор Луврын музейгээс 88 сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хулгайлсан билээ.
Түүнчлэн 10-р сард Францын гүн ухаантан Дени Дидрогийн нэрэмжит музейгээс дээрэмчид 90 мянган еврогийн үнэд хүрэх 2000 орчим алт, мөнгөн зоосыг хулгайлжээ.






