
Иргэд шатахуун, тэтгэвэр, татварын дарамт, дэд сайд нарын томилгоо зэрэг асуудлаар Улсын Их Хуралд суудалтай намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр иргэн “Бидний зүгээс тавьж байгаа шаардлага гэдэг нь татварын асуудал, шатахууны асуудал гэх мэт нэлээд чухал асуудлууд юм. Ийм олон асуудал байхад яагаад дэд сайд томилоод байгаа юм бэ гэдэг дээр үнэхээр уур хүрч байна. Үнэндээ, татварын асуудлыг шийднэ гэж ярьж байгаад аль хэдийн 2-3 жил өнгөрчихсөн. Гэтэл бидэнд ямар ч дорвитой хариу өгөөгүй байж, одоо дэд сайд томилохоороо ганц хоёрхон хоногийн дотор хуралдаад шийдвэр гаргачихдаг.
Ер нь энэ бол 16 дэд сайдаас гадна дэд сайд болгон туслахтай, туслах болгон жолоочтой болж байгаа нь нийгэмд илүүдэл бүтэц үүсгэж байна. Ингээд 100 гаруй хүний суудлыг бид өөрсдийн татварын мөнгөөр бий болгож өгч байна. Гэтэл шатахууны асуудлаа шийдэж чадахгүй, түгжрээ, утааны асуудлаа шийдэж чадахгүй байж байгаад нь сэтгэл дундуур байна.
Хэрэв татварыг зөв зохистой зарцуулдаг байсан бол бид олсон орлогынхоо 50%-ийг ямар ч фильтергүйгээр улсад тушааж байгаа. Гэтэл миний төлсөн татварын үр дүнд юу болж байна вэ гэвэл баян айлын хүүхдүүд л төрийн албанд суудал авч байна. Ер нь л ийм л байдал үүсч байна” гэв.






