
“Coldplay” хамтлагийн тоглолтын үеэр компанийнхаа захиралтай тэврэлдэж буй бичлэг нь том дэлгэцээр гарч, цахим орчинд өргөн тархсан Astronomer компанийн Хүний нөөцийн албаны захирал асан Кристин Кабот уг явдлын дараа тасралтгүй дарамт, доромжлолд өртсөн тухайгаа анх удаа хэвлэлд ярьжээ.
Өнгөрсөн долоодугаар сард болсон тоглолтын үеэр Кабот тухайн үеийн гүйцэтгэх захирал Энди Байрон-ыг тэврэн зогсож байгаад камер тусах үед гэнэт бөхийж, нуугдсан бичлэг цахим орчинд тархсан нь олны шүүмжлэлийг дагуулж, тэднийг гэр бүлээс гадуурх харилцаатай гэх хардлагыг өдөөсөн юм.
Энэ жил 53 настай Кристин Кабот нь тус компанийн хүний нөөц, соёл хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд уг дуулианы дараа гүйцэтгэх захирал Энди Байрон албан тушаалаасаа огцорсны дараа өөрөө ч мөн ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Тэрбээр “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа шинэ ажил хайж байгаа ч “ажилд авах боломжгүй хүн” гэсэн хариу байнга авч байгаагаа дурджээ. “Би мийм болсон. Хүний нөөцийн салбарын түүхэн дэх хамгийн их үзэн ядагдсан хүний нөөцийн менежер боллоо” хэмээн тэр ярьсан байна.
Кабот тухайн үед нөхрөөсөө салсан байсан бөгөөд түүний хэлснээр нөхөр нь мөн тоглолт дээр хамт байжээ.






