
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-ны өдрийг монголчууд “Ес эхэллээ” хэмээн онцолж ирсэн уламжлалтай. Энэ нь зүгээр нэг хүйтэрч эхэлж буйг илтгэх үг бус, харин өвлийн хамгийн хүйтэн үеийг тооцон хэмжих эртний цаг тооллын ойлголт юм. “Ес” гэдэг ойлголт нь байгаль, цаг уур, ахуй амьдралтай нягт холбогдсон монголчуудын ажиглалт, туршлагаас үүсэлтэй.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22 нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасд хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог, өөрөөр хэлбэл өвлийн туйлын өдөр юм. Үүнээс хойш өдөр аажмаар уртасч, нарны өндөр нэмэгдэж эхэлдэг ч бодит дулаарал хараахан мэдрэгддэггүй. Харин ч эсрэгээрээ, энэ өдрөөс хойш өвлийн жинхэнэ хүйтэн оргил үе эхэлдэг гэж монголчууд үзэж иржээ.
Тиймээс өвлийн туйлын өдрийг хүйтний эхлэл хэмээн тооцож, түүнээс цааш 81 хоногийг “есөн ес” болгон хуваан тоолдог уламжлал тогтсон байна. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ.
Есөн ес гэж юу вэ?
Монголчууд өвлийн хүйтний хугацааг 9 хоногтой 9 үе, нийтдээ 81 хоног гэж тооцдог. Үүнийг:
- Нэг ес
- Хоёр ес
- Гурван ес
- …
- Есөн ес хэмээн нэрлэнэ. Ес бүр цаг агаарын онцлог, байгалийн өөрчлөлтийг дүрслэсэн зүйрлэлтэй нэршилтэй байдаг нь монголчууд байгальтайгаа хэр нягт аж төрж ирснийг илтгэнэ.
Ардын дунд түгээмэл яригддаг есүүдийн тайлбарыг дурдвал:
- Нэг ес – Нэрмэл архи хөлдөнө /12.22-12.30/
- Хоёр ес – Хорз архи хөлдөнө /12.31.01.08/
- Гурван ес – Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө /01.09-01.17/
- Дөрвөн ес – Дөнөн үхрийн эвэр хөлдөнө /01.18-01.26/
- Таван ес – Тавьсан будаа хөлдөхгүй /01.27-02.04/
- Зургаан ес – Зурайсан зам гарна /02.05-02.13/
- Долоон ес – Довын толгой борлоно /02.14-02.22/
- Найман ес – Нал, шал болно /02.23-03.02/
- Есөн ес – Ерийн дулаан орно /03.03-03.12/
Эдгээр нь шинжлэх ухааны хэмжилтээс илүүтэйгээр ахуй амьдрал дээрх бодит ажиглалт, малын бие, газар шороо, зам харгуйн өөрчлөлт зэргийг зүйрлэн илэрхийлсэн хэллэг юм.
Нүүдэлчин монголчуудын хувьд өвөл бол хамгийн эрсдэлтэй улирал. Малын тарга тэвээрэг, бэлчээрийн даац, хүнсний нөөц, нүүдэл суудал гээд бүхий л зүйл өвлийн хүйтнийг хэрхэн даван туулахтай шууд холбоотой.
Тиймээс “ес”–ийн тоолол нь:
- Хэзээ хамгийн их хүйтрэх вэ
- Хэзээнээс зөөлрөх хандлага ажиглагдах вэ
- Хаврын ажилд хэзээ бэлтгэж эхлэх вэ гэдгийг урьдчилан мэдэх амьдралын практик календарь болж иржээ.
Өнөөдөр бид цаг уурын нарийвчилсан мэдээ, хэмжилт, тооцоотой болсон ч “Ес эхэллээ” гэх ойлголт монголчуудын дунд хэвээр хадгалагдсаар байна. Энэ нь зөвхөн хүйтний тухай бус, өвөг дээдсийн байгальтай харьцаж ирсэн ухаан, соёлын өв юм.






