
УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээ байна.
Гэр бүл гэдэг бол нийгмийн бичил хэлбэр юм. Хүн үүссэн цагаас л гэр бүлийн зохион байгуулалт бий болсон гэж судлаачид үздэг.
Манай улсад одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн эрх зүй нь хувийн эрх зүйн суурь харилцаа байдлаар олон улсад тодорхойлогдож байна.
Гэр бүлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдан оруулсан өөрчлөлт байжээ.
Монгол Улсын хувьд хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй явж байгаа.
Тухайлбал, Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байна.
Шүүхийн шийдвэрийн тоо, баримтаас дурдвал,
– 2021 онд 45,444 иргэний хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн тухай хуулиар 4690 буюу нийт иргэний хэргийн 10.3 хувийг,
– 2022 онд нийт шийдвэрлэгдсэн 57,633 иргэний хэргийн Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн нь 6263 буюу 10.8 хувийг,
– 2023 онд шийдвэрлэгдсэн нийт 63,407 иргэний хэргийн Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн нь 5913 буюу 9.3 хувийг,
– 2024 онд улсын хэмжээнд нийт 73727 иргэний хэрэг, үүнээс Гэр бүлийн тухай хуулиар нийт 3538 хэрэг хянан шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн иргэний хэргийн 4 жилийн дундаж нийт иргэний хэргийн 10 хувь байна.
Гэрлэлт цуцлахад нэн тэргүүнд хүүхдийн эрх ашиг хөндөгддөг боловч дээрх шүүхийн шийдвэрийн графикаас харахад хүүхдийн тэтгэлгийг гэрлэлт цуцлалттай нь ч хамт шийдээгүй тохиолдол их байна.
Тухайлбал,
– 2024 онд гэрлэлт цуцлуулах маргаан 3983 байхад үүнээс салангид 1924 хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаан байжээ.
Монгол Улс 595 олон талт гэрээнд нэгдэн орсноос гэр бүлийн харилцаа, гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрхийг ханган хамгаалахаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын олон улсын пакт, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Сайн дурын үндсэн дээр гэрлэх болон гэрлэх нас, гэрлэлтийг бүртгэх тухай конвенц зэрэгт нэгдэн орж, соёрхон баталжээ.
Бусад улсын жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг боловсронгуй байдлаар, түүнчлэн тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг шинэлэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.
Тиймээс гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах шаардлага үүссэн.
Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан болон хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Эцэг, эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахаар тусгалаа. Мөн хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөн хүмүүжүүлэх зарчмыг тусгасан байна.
- 2022 онд 17694,
- 2023 онд 17596,
- 2024 онд 14165 гэрлэлт бүртгэгдсэн бол
- 2022 онд 4515,
- 2023 онд 4825,
- 2024 онд 4459 гэрлэлт дуусгавар болсон байна.
Өөрөөр хэлбэл, гэр бүл салалт жил ирэх тусам нэмэгдэж байна.
Тиймээс уг хуульд гэрлэлт дуусгавар болох тохиолдлуудыг нарийн тусгасан бөгөөд мэс заслын аргаар хүйсээ өөрчлөхөд гэрлэлт дуусгавар болохоороор тусгажээ.
Харин гэрлэх нөхцөлд шинээр Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх асуудлыг тусгажээ.
Гэрлэгч хосуудад удам зүйн шинжилгээ хийж ураг төрлийн гурав болон түүнээс дээш үеийн үеэл, хаяал, бүл, өвөг, удмуудыг тодорхойлох бөгөөд үүнийг хийхэд генетик генологийн харьцуулах өгөгдөл, мэдээллийн сан шаардлагатай байдаг байна.
“Монголын хүн амын генетик тогтоц, уур амьсгалын хахиршилт ба өвчлөл, нас баралтын хам холбоог газар зүйн байршлаар мөшгөн судлах нь” судалгаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн амын 6.1 хувь нь цус ойртсон байх магадлалтай гэсэн нь Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал тулгамдаж байгааг харууж байна.
Энэ нь гэрлэхийг хүсэгчид хоорондоо төрөл, садангийн холбоотой эсэхээ мэдэх боломжийг хангах зохицуулалт бүрдээгүйгээс тодорхой хэмжээнд шалтгаалж байна гэж үзжээ.
Иймд уг хуулиар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генет икийн лаборатори, генийн сан байгуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна.
Гэрлэлт цуцлах болсон шалтгааны хоёрдугаарт орж байгаа бөгөөд эрс нэмэгдэж байгаа шалтгаан болох гэр бүлээс гадуурх харилцаа болоод байна.


Мөн хуулийн төсөлд гэрлэлт цуцлах тусгай журамд гэрлэгчид,
– эвлэрэх боломжгүй,
– гэрлэгчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсвэл учирсан нь тогтоогдсон,
– тодорхой хугацаанд хамтран амьдраагүй нь тогтоогдсон,
– зөвхөн эд хөрөнгийн маргаантай,
– 18 хүртэлх насны хүүхэдгүй,
– гэрлэлт цуцлуулах талаар харилцан тохиролцсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор тусгасан байна.
Харин эхнэр нь жирэмсэн, эсвэл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, хариуцагч нь хүндээр өвчилсөн, хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдсан тохиолдолд хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгохоор тусгажээ.
Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэргийн хувьд,
- 2021 онд 1333,
- 2022 онд 1774,
- 2023 онд 1571,
- 2024 онд 1924 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хэрэг шийдвэрлэгдсэн байгаа нь тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нэмэгдэж байгааг харуулж байна.
Манай улсын хувьд Гэр бүлийн тухай хуульд хамтран амьдрах хэлбэр, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгаагүй. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүмүүс… нэгэн адил хамаарна” гэж хамтран амьдрагчдын талаар зохицуулсан.
Сүүлийн 4 жилийн байдлаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхэд нийт 99529 бүртгэгдсэнээс
- 2022 онд 30719,
- 2023 онд 29145,
- 2024 онд 27109,
- 2025 оны хагаст 12556 хүүхэд бүртгэгдсэн байна.
Энэхүү тоо баримтаас үзэхэд хамтран амьдрах (Defacto) хэлбэр түгээмэл гэж үзэж болохоор байна.
Манай улсын хувьд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрх, үүргийг тодорхойлох цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд асрамжлалын маргаан үүсэх тохиолдолд үүсэх үр дагаврыг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй учраас энэ хуульд хамтын амьдрал дуусгавар болж, хамтран амьдрагч нарын эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэх үедээ хамтран амьдрагчдын гэрлэлтээ бүртгүүлэх зорилготой байсан эсэх, хэн нэг нь өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан эсэх, таваас доошгүй жил тогтмол хамт амьдарсан эсэх, дундын эд хөрөнгө бий болгосон эсэх, нэг хаяг оршин суух хаягийн бүртгэлтэй эсэх нөхцөл байдлыг харгалзан хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцохоор тусгасан байна.



Гэрлэлт цуцлахад нэн тэргүүнд хүүхдийн эрх ашиг хөндөгддөг боловч дээрх шүүхийн шийдвэрийн графикаас харахад хүүхдийн тэтгэлгийг гэрлэлт цуцлалттай нь ч хамт шийдээгүй тохиолдол их байна.


